Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Хойд насны талаар Библид юу гэсэн байдаг вэ?

Асуулт: “Библид хойд насны тухай дурдсан байдаг уу? Энэ нь бидэнд заяасан цорын ганц амьдрал гэдгийг яаж мэдэх вэ?”

Бидний хариулт: Гайхалтай сайхан асуулт байна. Энэхүү асуултад өгсөн дараах хариултаас гадна хойд насны тухай хэлэлцсэн Хойд нас, Үйлийн үр, Үхлийн дараах амьдрал сэдэв бий.

Дээрх асуултад хариулахад, Библид хэзээ ч хойд насны (хүн үхсэнийхээ дараа дахин өөр төрлийг олж төрнө гэдэг үзэл) тухай дурдагдаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ байдаг...

Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон бөгөөд үүний дараа шүүгдэнэ. (Еврей 9:27)

Хэрвээ, Библид хэлсэн зүйл үнэн юм бол Бурхан яагаад хойд насыг үл зөвшөөрнө вэ? Хойд нас гэдэг үгийн утга аль хэдийн жинхэнэ утгаасаа гажсан болохыг анхааралдаа авах нь зүйтэй. Хойд нас гэдэг бол хүн жаргалтай сайхан амьдралыг туулж элээгээд, сэтгэл хангалуунаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэн, нирваан дүрийг олж диваажинд очдог тухай онол юм. Ихэнх хүмүүс өөрийгөө их сайн хүмүүс учраас шууд диваажинд очно гэж төсөөлдөг. Яагаад гэвэл тэд банк дээрэмдээгүй, хэн нэгнийг хөнөөгөөгүй. Диваажингийн тухай дээрх ойлголт нь Есүст итгэгч хүмүүс мөнхийн улсад очихтой ойролцоо хэдий ч маш том ялгаатай. Ялгаа нь хойд насандаа дахин төрлийг олно гэж үздэг хүмүүсийн хувьд буян хийж, сайн хүн байснаараа диваажинд очно гэдэг бол Христ итгэлийн хувьд үйлсээр бус итгэлээр л мөнхийн улсад орох эрхтэй байдаг.

Яагаад хойд насны талаарх дээрх онол нь учир дутагдалтайд тооцогдох болов? Учир нь хүний нүгэлт үйлдлийг тооцоогүйд л байгаа юм. Библид “Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм” (Иеремиа 17:9) гэдэг. Энэ нь маш муу зүйл. Гэтэл үүнээс ч дор зүйл байх юм. Библид мөн “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” (Ром 3:23), “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав” (Исаиа 53:6), “Тэнд хүн бүр гажиж, хамтдаа бузар болцгоосон. Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй” (Дуулал 53:3), “Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө” (Номлогчийн үгс 7:20) гэсэн байдаг.

Тэгвэл сайн сайхныг үйлдэх нь өөр нэгэн биеийг олж, дэлхийд буцан ирэхийн төлөө гэж үү? Та өмнөх амьдралдаа Бурханаас урвасан гэмт хүн байсан байгаад ямар ч гэмгүй өөр нэгэн хүн болж ирсэн ч гэлээ Бурханы хувьд Түүнээс урвасан гэмт хүн урьдынхаараа л байх болно. Энэ төгсгөлгүй тойрог хэнд ч ямар ч ашиг тус авчрахгүй.

Нэгэнт, бид гэм нүгэлтэй тул уучлал хэрэгтэй. Бид Бурханаас урвасан тул Түүн дээр гэмшин очих хэрэгтэй. Энэ л Библийн хувиршгүй үнэн юм.

Бурханыг таньж мэдэхээр Өөрийг нь хайн, уучлал өршөөл гуйн эргэхийг Тэр биднээс хүсдэг. Хэрэв бид Түүнтэй ийнхүү харилцаа тогтоовол мөнхийн улсын амьдрал эхэлсэн төдийгүй тэр нь цаашид мөнхөд үргэлжлэх юм.

Библид хойд насыг үгүйсгэдэг бөгөөд харин бүх хүмүүсийн дахин амилалтын тухай өгүүлсэн байдаг...

"Үүнд бүү гайхагтун, учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ" (Иохан 5:28-29).

Энэхүү шүүлтийн талаар илүү дэлгэрэнгүйг Библээс авч үзүүлэв.

Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав...Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв...Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна. (Илчлэлт 20:11-15)

Амийн номонд таны нэр бичигдсэн байхыг хүсэж байна уу? Яг одоо Түүний өршөөл уучлалыг Бурханаас чин сэтгэлээсээ гуйгаарай. Есүс таны гэм нүглийн төлөө нас барсан тул та уучлагдах боломжтой. Гэвч Бурханы өршөөлийг хүлээн авна гэдэг нь чин сэтгэлээсээ Түүн уруу хандан гэмшиж, Түүний үхэл амилалтанд нь итгэн, Түүгээр амьдралаа удирдуулахаар шийдэхийг хэлнэ. Бурханыг хувьчлан мэдэх нь сэдвийг үзнэ үү?

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP