Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Ариун Сүнс гэж хэн бэ?

Асуулт: "Ариун Сүнс гэж юу вэ? Тэр хэн бэ? Танай цахим хуудаст энэ үг нэлээд олон давтагдсаныг би анзаарсан.”

Бидний хариулт: Ариун Сүнс бол, Есүс үхлийг ялан амилж, тэнгэр өөд одсоны дараа энэ дэлхий дээрх Есүс Христийн жинхэнэ дагалдагч нарын дотор амьдрахаар ирсэн бодит Хувь нэгэн юм.1 Есүс өөрийн элч нарт ийн хэлсэн...

"Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ."2

Ариун Сүнс бол үл ойлгогдох хий үзэгдэл биш, хурмастын сүүдэр эсвэл ямар ч биегүй хоосон хүч ч биш. Тэр харин бүх талаараа Бурхан Аав ба Хүү Бурхантай эн тэнцүү Хувь Нэгэн билээ. Түүнийг Ариун гурвалын гуравдагч гишүүн гэж үздэг. Есүс Өөрийн дагалдагч нарт хэлэхдээ...

“-Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.”3

Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурвалаар оршдог. Эцэг ба Хүүд хамаатай бүх бурханлаг шинж чанарууд Ариун Сүнст ч бас хамаатай. Хүн Есүс Христэд итгэж, хүлээн авч дахин төрсөн мөчөөс эхлэн4, Бурхан тэр хүний дотор Ариун Сүнсээрээ оршдог.5 Ариун Сүнс оюун ухаан, сэтгэл хөдлөл, хүсэл зорилготой.6

Ариун Сүнсний хамгийн үндсэн үүрэг бол Есүс Христийг “гэрчлэх” юм.7 Тэр хүмүүсийн зүрх сэтгэлд Есүс Христийн талаар үнэнийг хэлж ятгадаг. Ариун Сүнс мөн Христэд итгэгч нарын багш юм.8 Тэрээр Бурханы хүсэл ба үнэнийг Христэд итгэгч нарт илчилдэг. Есүс дагалдагч нартаа хэлсэн нь...

"Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно."9

"Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ."10

Есүст итгэдэг хүмүүсийн дотор амьдарч, тухайн итгэгчийн амьдралд Бурханы зан чанаруудыг бий болгохын тулд Ариун Сүнс ирсэн. Бидний хувьд боломжгүй мэт санагдах арга замаар Ариун сүнс ажиллаж, амьдралд маань баяр хөөр, амар амгалан, тэвчээр, эелдэг зан, сайхан сэтгэл, итгэмжтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлыг цогцлоон бий болгодог.11 Хайрлах гэж, тэвчээртэй, эелдэг байх гэж хичээн зүтгэхийн оронд эдгээр чанаруудыг амьдралд маань төлөвшүүлж бий болгоно гэдэгт Өөрт нь найдахыг Бурхан биднээс хүсдэг. Тийм ч учраас Христэд итгэгч нарыг Ариун Сүнсээр дүүрэн байж Сүнс дотор алх хэмээсэн аж.12 Ариун Сүнс Христэд итгэгч нарыг итгэгчдийн сүнслэг өсөлтийн төлөө хийгддэг үйлчлэлийн ажлуудыг хийх чадварыг өгдөг.13

Ариун Сүнс мөн үл итгэгчдийн төлөө ч ажилладаг. Тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы үнэнийг, бид ямар их гэмтэй бөгөөд Бурханы уучлал хэрэгтэй хүмүүс гэдгийг, Есүс бидний өмнөөс бидний гэмийн төлөө нас барсан зөвт нэгэн байсан гэдгийг, Тэрээр энэ дэлхийн төлөөх, Бурханыг мэддэггүй хүмүүсийн төлөөх Бурханы эцсийн шүүлт болсон гэдгийг ойлгуулахын тулд ятгадаг.14 Бурхан уруу эргэж уучлалт гуйн гэмшиж, шинэ амьдралаар амьдраач хэмээн Ариун Сүнс бидний зүрх сэтгэл ба оюун бодлыг тасралтгүй чангаасаар байдаг.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…

Зүүлт: (1) Үйлс 2-р бүлэг (2) Иохан 14:16-18 (3) Матай 28:18-20 (4) Иохан 1:12-13; Иохан 3:3-21 (5) 1 Коринт 3:16 (6) 1 Коринт 2:11; Ром 15:30; 1 Коринт 12:11 (7) Иохан 15:26, 16:14 (8) 1 Коринт 2:9-14 (9) Иохан 14:26 (10) Иохан 16:13 (11) Галат 5:22-23 (12) Галат 5:25; Ефес 5:18 (13) Ром 12; 1 Коринт 12; Ефес 4 (14) Иохан 16:8-11

ХУВААЛЦАХ:  

TOP