Эмгэнэлт явдлууд болж байхад Ертөнцийн
Эзэн хаана байдаг юм бэ?

Айдас түгшүүр, гай гамшиг, гэнэтийн осол, өвчин эмгэг, сэтгэлийн зовуур, эмгэнэлт явдал... Яаж бид сэтгэлийн тэнхээтэй байх вэ? Бурханд чухам яаж найдах вэ?

Бурхан хэр зэрэг найдвартай вэ? Түүнд найдаж болох уу? Хямралын үед ч, амгалан тайван байхдаа ч… ер нь ямар ч үед Түүнд хандаж болох уу?

Эмгэнэлт явдал, Гамшиг, Уй гашуу: Бурхан хаана байна вэ?

Бурхан бол орчлон ертөнцийг Бүтээгч бөгөөд бидэнд Өөрийгөө таниулахыг үргэлж эрмэлздэг. Бид энэ дэлхий дээр амьдарч байгаагийн учир энэ. Биднийг Өөрт нь найдаж хүч чадал, хайр, шударга ариун байдал, энэрэл нигүүлслийг нь амсаасай гэж Бурхан хүсдэг. Тиймээс Өөрт нь түшиглэхийг хүсдэг бүхэнд Тэр “Над уруу ир” гэж хэлдэг.

Бурхан бидэнтэй адилгүй. Тэр маргааш, дараа 7 хоногт, дараа жилд, бүр ирэх арван жилд ч юу болохыг сайн мэднэ. Тэр: “Би бол Бурхан, Надтай адил өөр байхгүй ... Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн”1 гэж хэлсэн. Тэр энэ дэлхий дээр юу болохыг мэддэг. Нэн ялангуяа, Тэр таны амьдралд юу тохиолдохыг мэдэх бөгөөд хэрэв та Түүнийг өөрийн амьдралдаа оруулсан бол Тэр таны төлөө байх болно. Тэр “Бидний хоргодох газар болон хүч чадал, зовлон дундах бодит тусламж”2 байж чадна гэж хэлдэг. Гэхдээ бид Түүнийг чин сэтгэлээсээ хайх ёстой. Тэр: “Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно”3 гэдэг.

Гэвч Бурханийг таньдаг хүмүүс хүнд хэцүү цаг тохиолдохгүй гэсэн үг биш. Тэдэнд ч мөн тулгарах болно. Алан хядагчдын (террорист) дайралтын улмаас үхэл хагацал, уй гашуу болох үед Бурханий хүмүүс ч үүнд багтана. Гэхдээ Бурханээс ирдэг сэтгэлийн хүч ба тайвшрал тэдэнд байна. Есүс Христийн нэг дагалдагч энэ талаар хэлэхдээ: “Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй”4 гэсэн байдаг. Бидний амьдралд бэрхшээл ирнэ гэдгийг бодит байдал харуулдаг. Гэсэн хэдий ч эдгээр зовлонг туулахдаа хэрэв Бурхантэй хамт байвал бид асуудлыг өөр өнцгөөс нь харж, өөрсдийн биш хүчээр аливаад ухаалаг хандаж чадна. Бурханд даван дийлшгүй хэцүү асуудал гэж байхгүй. Биднийг сөхрүүлдэг бүх асуудлаас Бурхан илүү агуу бөгөөд бид ганцаараа биш.

Библид “Эзэн бол сайн. Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг.”5 Мөн “ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна”6 гэжээ.

Есүс Христ Өөрийн дагалдагч нараа тайвшруулан, “Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцэгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй”7 гэсэн байдаг. Хэрэв та чин сэтгэлээс Эзэн уруугаа эргэвэл Тэр хэн хэнээс илүүгээр танд санаа тавих болно.

Эмгэнэлт явдал, Гамшиг, Уй гашуу: Бидний чөлөөт хүсэл

Бурхан хүнийг сонгох чадвартайгаар бүтээсэн. Тэр биднийг өөрийнхөөрөө байлгах гэж албаддаггүй гэсэн үг. Өөрийг нь үгүйсгэх, муу муухай зүйл үйлдэх нь бидэнд зөвшөөрөгдсөн. Тэр биднээс хайрлахыг тулган шаардаж болох байсан. Тэр биднийг сайн байлгах гэж хүчилж болох байсан. Тэгвэл бид Бурхантэй ямархуу харьцаатай байх байсан бол? Энэ бол огтхон ч харилцаа биш, харин дарангуйлал юм. Харин үүний оронд Бурхан бидэнд сонгох эрх чөлөө өгсөн.

Бид зөнгөөрөө “Ээ Бурхан минь, Та ийм их гай зовлонг юунд тохиолдуулна вэ?” хэмээн сэтгэлийнхээ гүнд хашхирдаг.

Үүгээрээ бид Бурханээс юу хүсэх гэсэн юм бэ? Хүмүүсийн үйлдлийг хянахыг уу?! Алан хядагчдыг аваад үзье л дээ. Бурхан тэдний хөнөөх хүмүүсийн тоог хэд байлгавал бидэнд зүгээр вэ?! Алагдах хүмүүсийн тоог Бурхан зөвхөн хэдэн зуугаар л хягаарлачихвал бидний санаа амрах юм уу? Ганцхан байсан нь дээр үү? Хэн нэгний сонголтоор болох гэж буй зүйлийг Бурхан зогсоогоод байвал тэнд цаашид сонгох эрх чөлөө гэж байхгүй болно. Хүмүүс Бурханийг үл тоомсорлох, эсэргүүцэх, өөрсдийнхөө дураар явж, бусдын эсрэг жигшүүрт зүйл хийхийг сонгодог.

Эмгэнэлт явдал, Гамшиг, Уй гашуу: Манай дэлхий

Энэ гариг аюулгүй газар биш. Хэн нэгэн биднийг буудаж ч магад. Эсвэл машинд мөргүүлж ч болох юм. Эсвэл алан хядагчид байшин уруу дайрч, бид зугтахаас өөр аргагүйд хүрч ч болох юм. Бидэнд юу ч тохиолдож болно. Учир нь Дэлхий гэдэг энэ хатуу орчлонд Бурханий хүсэл бүрэн биелдэггүй юм.

Харин азаар Бурхан хүмүүсийн нигүүсэл дотор биш, бид Түүний нигүүсэл дотор байна. Тэр зүгээр л “Огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог”8 хэмээн айлдан орчлон ертөнцөд тоолшгүй олон оддыг бүтээсэн Эзэн. Бурхан бол “... улс үндэстнүүдийг захирдаг”9 Бурхан юм. Түүний хүч чадал, мэргэн ухаан хязгааргүй. Даван туулахын аргагүй бэрхшээл байвч, “Үзэгтүн, Би бол Эзэн. Бүх махан биеийн Бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү гэж үү?”10 гэж хэлдэг, санаанд оромгүй их чадалтай Бурхан бидэнд бий. Тэр гэмт хүнийг эрх чөлөөтэй хэвээр нь байлгахын сацуу ямар нэг аргаар Өөрийнхөө хүслийг гүйцээж чадна. Эзэн маш тодорхойгоор “Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлээ Би заавал хийнэ”11 хэмээн хэлсэн байдаг. Хэрэв бид амьдралаа Бурханд захируулбал Тэр бидний тайвшрал байх болно. “Тиймээс Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл үзүүлдэг.”12

Айдас, Эмгэнэлт явдал, Гамшиг: Бурхан одоо хаана байна?

Бидний ихэнх нь /үгүй, бүгдээрээ юм байна/ заримдаа Бурханийг өөрөөсөө түлхэж, замыг нь үл ойшоодог. Гэмт хэрэгтнүүд эсвэл зарим хүмүүсийг бодвол илүү хайр хүндэтгэл хүлээхүйц гэж бид өөрсдийгөө боддог байх л даа. Гэвч үнэндээ үүгээр л бид Бурханий өмнө гэмтэй болохоо харуулдаг. Бурханд хандан залбирч эхлэхдээ өөрсдийн маань бодол, үйлдэл, хувиа хичээсэн хандлагыг Тэр сайн анзаарч байгааг бид мэдрэхдээ хэлэх үггүй болж, зохисгүй байгаагаа мэдэрдэг биз дээ? Бид хэрхэн амьдарч байгаагаараа өөрсдийгөө Бурханээс холдуулсан байдаг. Бид ихэвчлэн Түүнгүйгээр амьдралаа болгочих гэсэн янзтай байдаг. Библид үүнийг, “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав”13 гэж хэлсэн байдаг.

Үр дагавар нь уу? Гэм биднийг Бурханээс тусгарласан ба зөвхөн энэ амьдралд нөлөөлөөд зогсохгүй. Гэмийн шийтгэл нь үхэл. Бурханээс үүрд хагацна гэсэн үг. Гэсэн хэдий ч Бурхан бидэнд Өөрийг нь таньж мэдэх, уучлагдах боломж өгсөн.

Бурханий хайрын хүч

Бурхан энэ дэлхий дээр биднийг аврахаар ирсэн. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ.”14

Бурхан энэ хорвоод амьдрахын зовлонг мэддэг. Есүс амар тайван, аюулгүй гэрээ орхин, бидний энэ хүнд хэцүү орчинд орж ирсэн. Тэрээр ядрах, өлсөж цангах, доромжлуулах, гэр бүл, найз нөхдийнхөө дунд гадуурхагдахын аль алиныг үзсэн. Есүсийн амссан бүх зовлон ердөө л өдөр тутмын зовлон бас бишээ. Тэр үүнээс ч хатууг амссан юм. Хүн төрхөөр ирсэн Бурханы Хүү Есүс бидний бүх нүглийг сайн дураар Өөртөө үүрснээр бидэн дээр буух байсан үхлийн шийтгэлээс чөлөөлсөн. “Бидний төлөө Тэр амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ.”15 Есүс эрүү шүүлтээр орж, загалмайд хадагдан, гутамшигт байдалд удаан тарчилж үхэх үхлийг амссан. Ингэж л бид уучлагдахаар болсон.

Есүс Өөрийнхөө цовдлогдох тухай өмнө нь хэлж байсан. Тэр үхээд, гурван өдрийн дараа, Бурхан мөн болохоо батлан амилна гэдгээ хэлсэн. Тэр хожмын нэг өдөр хойд төрлөө олон мэндэлнэ гэж хэлээгүй (Тэгэх байлаа ч Түүнийг мөн гэж хэн таних юм бэ?). Тэр оршуулагдаад, гурван өдрийн дараа амилж, цаазлагдаж байхыг нь харсан хүмүүст Өөрийгөө харуулах болно гэж хэлсэн. Өнөөх гурав дахь өдөр Есүсийг тавьсан булш хоосон байсан ба олон хүмүүс Түүнийг амьдаар нь харснаа гэрчилж байсан.

Одоо, Тэр бидэнд мөнх амийг санал болгодог. Бид үүнийг хөдөлмөрлөж олохгүй. Энэ бол Бурханийг амьдралдаа урьснаар хүлээн авдаг бэлэг юм. “Бурханы бэлэг бол Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.”16 Бид нүглээ гэмшин Бурхан уруу эргэж ирвэл Есүс Христээр дамжуулан мөнх амийг бэлэг болгон авна. Энэ маш энгийн. “Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.”17 Тэр бидний амьдралд орохыг хүсдэг.

Бурханий төлөвлөгөөгөөр ирэх сэтгэлийн хат

Мөнхийн улс гэж юу вэ? Библид, “Бурхан тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ”18 гэсэн байдаг. Энэ нь дэлхий ертөнц ямар байвал илүү дээр байх байсныг бид цаанаа мэддэг гэсэн үг байж болох юм. Хайртай хүмүүсийн маань үхэл бидний энэ амьдрал, дэлхий ертөнц нэг л биш байгааг харуулдаг. Бид, өр өвтгөм зовлон шаналлаас хол, илүү сайхан газар байх л ёстой гэж сэтгэлийнхээ гүнд хэлдэг. Мэдээж, биднийг амьдруулахыг хүсдэг илүү дээр газар Бурханд бий. Энэ нь Бурханий хүсэл бүрэн хэрэгждэг огт өөр ертөнц юм. Бурхан тэр газарт хүн бүрийн нулимсыг арчих болно. Тэнд цаашид уй гашуу, нулимс, үхэл хагацал, өвчин зовлон байхгүй болно.19 Хүмүүс дахин хэзээ ч нүгэл үйлдэхээргүй тийм байдлаар Бурхан тэдний дотор Өөрийн Сүнсээрээ орших болно.20

Алан хядагчдын дайралт үнэхээр аймшигтай. Есүсийн бидэнд санал болгодог, Бурхантэй холбоотой байх мөнхийн харилцаанаас татгалзах нь бүр ч муу. Зөвхөн мөнхийн амьдралд ч биш, энэ амьдралд ч гэсэн Бурхантэй нөхөрлөхөөс илүү эрхэм харилцаа үгүй. Тэр бол бидний амьдралын зорилго, тайтгарлын эх сурвалж, сандарсан үед мэргэн ухаан, хүч чадал ба найдвар юм. “Эзэн сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ?”21

Зарим нэгэн нь Бурханийг ердөө л туслагч гэх нь бий. Гэвч зөвхөн Тэр л хамгийн найдаж болох Нэгэн юм.

Есүс хэлэхдээ, “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай”22 гэсэн. Өөрт нь түшиглэн амьдрах нь өөрийнхөө амьдралыг Хадан дээр цогцлоон байгуулахтай адил гэж Есүс хэлсэн байдаг. Ямар ч бэрхшээл тулгарсан, Тэр таныг эрч хүчтэй байлгах болно.

Бурханий Хүүгээр ирэх сэтгэлийн хат

Та яг одоо Есүсийг өөрийн амьдралдаа хүлээн авч болно. “Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.”23 Энд Есүс Христээр дамжуулан Бурхан уруу эргэж ирэхийг хэлж байгаа юм. Есүс, “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”24 гэсэн. Мөн Есүс, “Сонсогтун, үүдийг чинь тогшин зогсож буй хүн бол Би билээ. Хэрэв хэн нэгэн Миний дууг сонсоод үүдээ нээвэл, Би та нарын амьдралд орох болно”25 гэсэн.

Яг одоо та амьдралдаа Бурханийг энэхүү залбирлаар урьж болно. Залбирал гэдэг бол Бурхантэй чин сэтгэлээсээ ярихыг хэлнэ. Та яг энэ мөчид, дараах маягаар Эзэн уруу хандан чин сэтгэлээсээ гуйн яриарай.

“Эзэн минь, би зүрх сэтгэлдээ Танаас эргэсэн байгаагаа мэдлээ. Харин одоо үүнийг өөрчлөхийг хүсч байна. Би Таныг мэдэхийг хүсч байна. Би Есүс Христийг, Түүний уучлалыг хүлээн авахыг хүсч байна. Би цаашид Танаас салангид баймааргүй байна. Энэ өдрөөс эхлэн миний Бурхан байгаач. Баярлалаа Эзэн.”

Та ийнхүү чин сэтгэлээсээ Эзэнээ хүлээн авсан уу? Хэрэв тийм бол, та олон зүйлийг хүлээн авсан. Түүнийг танин мэдсэнээр сэтгэл хангалуун амьдрал ирнэ гэж Бурхан амласан.26 Тэр Эзэн хаана байна? Тэр таны дотор байхаа амласан.27 Мөн Тэр танд мөнхийн амийг өгсөн.28

Таны эргэн тойронд юу ч болж байсан хамаагүй, Бурхан танд хань болох болно. Хүмүүс Түүний замыг дагадаггүй ч, Бурхан бидний хүнд хэцүү нөхцөл байдлыг Өөртөө авч, төлөвлөгөөгөө ямар нэг аргаар хэрэгжүүлдэг. Эзэн дэлхий даяарх бүх үйл явдлыг бүхэлд нь хянан захирдаг. Хэрэв та Эзэнийх бол, “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг”29 гэсэн амлалтанд нь итгэж болно.

Есүс хэлэхдээ: “Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай. Энэ ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой бай. Би ертөнцийг ялсан”30 гэсэн байдаг. Тэр биднийг хэзээ ч мартаж, орхихгүй гэдгээ амласан.31

Бурханийг улам илүү таних, танд хандсан Түүний хүслийг сайн мэдэж, итгэлээ батжуулахын тулд Библийн Матай, Марк, Лук, Иохан номуудыг уншаарай.

Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…

Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.

Надад асуулт байна…

(1) Исаиа 46:9-10
(2) Дуулал 46:1
(3) Иеремиа 29:13
(4) 2Коринт 4:8-9
(5) Нахум 1:7
(6) Дуулал 145:18-19
(7) Maтай 10:29-31
(8) Эхлэл 1:14
(9) Дуулал 47:8
(10) Иеремиа 32:27
(11) Исаиа 46:11
(12) Иаков 4:6
(13) Исаиа 53:6
(14) Иохан 3:16-17
(15) 1Иохан 3:16
(16) Ром 6:23
(17) 1 Иохан 5:12
(18) Номлогчийн үгс 3:11
(19) Илчлэлт 21:4
(20) Илчлэлт 21:27; 1Коринт 15:28
(21) Дуулал 34:8
(22) Иохан 14:27
(23) Иохан 1:12
(24) Иохан 14:6
(25) Илчлэлт 3:20
(26) Иохан 10:10
(27) Иохан 14:23
(28) 1Иохан 5:11-13
(29) Ром 8:28
(30) Иохан 14:27, 16:33
(31) Еврей 13:5

© 2001 Campus Crusade for Christ

Яаж Бурхантэй харилцаагаа эхлүүлэх вэ?