Энэ үнэн үү?

Есүс үнэхээр Бурхан мөн үү? Есүс Христийн тухай
түүхэн баримтууд мухар сүсэг биш болох нь…

Паул И. Литл.

Бурхан Өөрийгөө илчлэхгүй л бол Түүний оршин байгаа эсэх мөн чухам хэн болохыг нь баттай мэдэх аргагүй. Бид Бурханий оршин байдгийг олж мэдэхдээ Түүнийг Адольф Гитлер шиг атгаг санаатай, хаврын тэнгэр шиг олон ааштай, харгис хэрцгий мэтээр ойлговол аймшигтай эндүүрэл болно. Бид Түүний хэн болох, бидэнд яаж ханддагийг нь үнэнээр мэдэх хэрэгтэй.

Бурхан Өөрийгөө илчилсэн байж болох баримтыг бид түүхээс олж харах нь зүйтэй. Нэг тодорхой баримт бий. Бараг 2000 жилийн өмнө Палестины нэгэн бөглүү тосгоны малын саравчинд нэгэн Хүү мэндэлжээ. Эдүгээ дэлхий даяараа Түүний мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна.

Тэрээр 30 нас хүртлээ бусдын адил эгэл жирийн амьдарч, дараа нь ард олны төлөөх 3 жил үргэлжилсэн үйл хэргээ эхэлсэн. Түүний зорилго түүхийн өрнөлийг өөрчлөхийн тулд байлаа. Тэрээр сэтгэлд дулаахан Нэгэн бөгөөд “Олон түмэн Түүний сургаалыг баяртайгаар сонсдог байв”. Мөн “Тэр хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй нэгэн шиг зааж байв” (Матай 7:29).

Есүс Христийн амьдрал. Есүс Бурхан мөн үү?

Өөрийнхөө талаар айлдсан тунхагууд нь хэдийгээр цочирдож гайхмаар зүйл байсан боловч энэ нь тун удалгүй илэрхий болсон. Тэрээр багш, зөнчөөс хавьгүй илүү гэдгээ мэдэгдэж эхэлсэн бөгөөд Өөрийгөө Бурхан хэмээн маш тодорхой хэлсэн юм. Гол нь Түүний сургаалууд Өөр уруу нь чиглэсэн байв. Дагалдагч нараасаа асуусан хамгийн чухал асуулт нь “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” гэсэн үг байжээ. Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” гэж хариулахад Есүс цочирдоогүй, түүнийг зэмлээ ч үгүй харин ч бүр сайшаасан (Матай 16:15-16).

Түүний чухам юу тунхаглаж байгаа нь их тодорхой байсан ба хэлэх Үг нь сонсогчдод гайхамшигтай нөлөөлж байв. Бид өмнө нь “Иудейчүүд Түүнийг алахыг санаархах болжээ. Учир нь Есүс амралтын өдрийг зөрчсөн төдийгүй мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм” (Иохан 5:18) гэж хэлж байсан.

Тэрээр Өөрийгөө бас “Би болон Эцэг нэг юм” гэж хэлсэн. Ингэж хэлэхэд нь Иудейчүүд Түүнийг чулуудаж алахыг завдсан. Тэднээс Есүс ямар сайн үйлс хийсний төлөө Түүнийг алахыг оролдож байгааг асуухад, “Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна” гэжээ.

Зөвхөн Бурханд байдаг онцгой шинжүүдийг Есүс тодорхой харуулж байв.

Саа өвчтэй хүнийг Есүсийн байсан байшингийн дээврээс Түүгээр эдгээлгэхээр доош буулгахад “Хүү минь гэм чинь уучлагдлаа” гэжээ. Энэ нь шашны удирдагчдыг “Бурханыг доромжлон ярьж буй энэ хүн хэн бэ? Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ?” гэж дотроо бодоход хүргэжээ.

Есүс тэргүүн тахилчид хүргэгдээд байцаагдах үед Түүнээс “Та Ерөөлт Нэгэний Хүү, Христ мөн үү? ” гэхэд “Би мөн”, “Та нар Хүний Хүү Хүчит Нэгэний баруун гарт сууж, тэнгэрийн үүлсийн дунд ирэхийг харна” гэв. Тэргүүн тахилч хувцсаа хүү татаад “Бидэнд өөр гэрч нарын хэрэг гэж юу байна?” гээд “Бурханыг доромжлохыг та нар сонслоо” гэжээ. (Марк 14:61-64)

Хүмүүс Есүст яаж хандана, Бурханд ч мөн тэгж хандсантай адил бөгөөд энэ нь Есүс Христ Бурхантэй хэр зэрэг нэгдмэл болохыг харуулдаг. Иймээс Түүнийг мэдэх нь Бурханийг мэднэ гэсэн үг (Иохан 8:19), Түүнийг харах нь Бурханийг харна гэсэн үг (12:45, 14:9), Түүнд итгэх нь Бурханд итгэнэ гэсэн үг (12:44, 14:1), Түүнийг хүлээж авах нь Бурханийг хүлээж авна гэсэн үг (Марк 9:37), Түүнийг үзэн ядах нь Бурханийг үзэн ядна гэсэн үг (Иохан 15:23), Түүнийг хүндлэх нь Бурханийг хүндэлнэ (5:23) гэсэн үг юм.

Есүс Христ бол мухар сүсэг биш

“Христийн тунхагуудаас үзвэл Түүний хэн болохыг дүгнэх зөвхөн дөрвөн боломжит хувилбар байна. Тэрээр нэг бол худалч эсвэл солиотой эсвэл үлгэр домог эсвэл Үнэн.”

Христийн тунхагуудаас үзвэл Түүний хэн болохыг дүгнэх зөвхөн дөрвөн боломжит хувилбар байна. Тэрээр нэг бол худалч эсвэл солиотой эсвэл үлгэр домог эсвэл Үнэн. Хэрэв бид Үнэн биш гэж үзвэл нөгөө 3 хувилбарын аль нэгийг нь Түүний тухай бүрэн ойлголтгүйгээр шууд хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

(1) Хэрвээ Есүс худал хэлсэн гэвэл Бурхан биш гэдгээ мэдэж байсан ба дагалдагчдаа санаатай мэхэлсэн гэсэн үг. Энэ байр суурин дээр цөөн хүмүүс баттай зогсдог. Гайхалтай нь эдгээр хүмүүс Түүний тэнгэрлэг байдлыг үгүйсгэдэг мөртлөө Түүнийг ариун шударга багш гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч тэд энэ хоёр дүгнэлт хоорондоо зөрчилдөж байгааг олж хардаггүй. Хэрэв Өөрийнхөө талаар тунхагласан нь худал байсан юм бол Тэр яаж ариун ёст багш байж таарах билээ?

(2) Арай үнэмшилтэй нэг хувилбар бол Тэр чин сэтгэлээсээ байсан боловч өөрийгөө хуурсан. Өнөө үед өөрийгөө Бурхан гэж боддог хүнд тохирох нэр бий. Энэ нь “Солиотой амьтан”. Хэрэв Тэр энэ чухал асуудал дээр Өөрийгөө хуурсан гэж үзвэл Христэд энэ нэр тохирох нь ойлгомжтой. Гэвч Христийн амьдралаас харвал Тэр гаж, тогтворгүй байдалтай байсан удаа огт байхгүй. Харин хүнд хэцүү хавчлаганд Тэр хэчнээн тайван байсныг нь бид мэдэж болно.

(3) Гурав дахь хувилбар нь Есүс Өөрийгөө Бурхан гэж хэзээ ч тунхаглаагүй, харин III-IV зууны үеийн дагалдагчид нь сэтгэлийн хөөрлөөр Түүнийг Бурхан мөн хэмээн тунхагласан нь домог болсон.

Энэ үзэл нь орчин үеийн археологийн олон олдвороор үгүйсгэгдсэн байх юм. Эдгээр нээлтүүд Матай, Марк, Лук, Иохан нарын бичсэн Христийн тухай дөрвөн намтар нь Есүс Христийг харсан хүмүүсийн амьдарч байсан цаг хугацаанд бичигдсэн болохыг маргаангүй баталжээ. Жонс Хопкины Их Сургуулийн багш байсан дэлхийн нэрт археологич Ф.Уильям хэлэхдээ: “МЭ 70-аад оноос хойш бичигдсэн байсан Сайн Мэдээний номлолуудад итгэх үндэс байгаагүй. Учир нь тухайн үед үнэнийг нүдээр харсан амьд гэрч нар олон байсан учир Сайн Мэдээний номлол шиг хэлбэрээр бичигдсэн байлаа ч Христийн тухай хэтрүүлсэн, домог төдий зүйл цааш тархаж, нөлөөлнө гэдэг огт боломжгүй” гэжээ.

Жишээлбэл, хэн нэгэн нь Жон Кеннеди агсны намтрыг бичихдээ түүнийг Бурхан байсан ба хүмүүсийн гэмийг уучилж, үхлээс амилсан гэж тунхаглавал дэндүү итгэмээргүй. Учир нь одоо хүртэл Кеннедийг мэддэг хүмүүс олон байгаа шүү дээ. Христийн тунхаглал бол үлгэр домог байсан гэх үзэл нь Сайн Мэдээний анхны гар бичмэлүүдийг үгүйсгэж чадахгүй билээ.

(4) Сүүлийнх нь Есүс үнэнийг ярьж байсан гэсэн хувилбар юм. Тунхаг болгон ач холбогдогдолтой зүйл биш. Хэлэх амархан. Хэн ч тунхаглаж чадна. Өөр хүмүүс ч бас өөрийгөө Бурхан гэж тунхаглаж байсан. Би ч, та ч өөрийгөө Бурхан гэж тунхаглаж болох шүү дээ. Гэхдээ бидний хариулах ёстой нэг асуулт байна. Энэ бол: “Бидэнд тунхаглалаа үнэн гэж батлах ямар нэг баримт байна уу?” Миний бодлоор үүнийг үгүйсгэхэд 5 минут ч ихэднэ. Харин Назарын Есүсийн хувьд тийм ч хялбар биш. Тэр Өөрийнхөө тунхаглалд эзэн суусан юм. Тэр хэлэхдээ: “Хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно” (Иохан 10:38) гэсэн.

Есүс Бурхан мөн үү? Анхаарвал зохих зарим асуудлууд

Нэгдүгээрт: Түүний ёс суртахууны мөн чанар тунхаглалтай нь нийцэж байна. Сэтгэцийн өвчтэй хүмүүс өөрсдийгөө алдартай, гэгээн гэж ярьдаг. Гэвч тэдний хэлж байгаа зүйл өөрсдийнх нь байгаа байдалтай зөрчилддөг. Харин Христ тийм биш. Тэр бол Бурхантэй адил онцгой юм.

Есүс Христ гэмгүй ариун байсан. Түүний дайснуудаасаа “Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу?” (Иохан 8:46) гэж асууж байсан нь хэн болохыг нь харуулдаг. Тэр Өөрөөс нь үргэлж өө хайгч хүмүүстэй ч зөв харьцдаг байсан.

Есүсийг гэм хийх уруу татлаганд орж байсан тухай л өмнө нь уншиж байснаас биш Түүнийг буруугаа хүлээн, гэмшиж байсан тухай бид хэзээ ч сонсоогүй. Тэр дагалдагчдадаа гэмш гэж хэлж байсан ч Өөрөө хэзээ ч гэмшиж байгаагүй юм.

Аль ч үеийн итгэгч болон гэгээрлийг хайгчид нь гэм зэмгүй байдлаараа Есүстэй эн зэрэгцэхгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс Бурханд ойртох тусам алдаа дутагдал, шударга бус байдлаа улам ихээр олж хардаг. Хүн гэрэлд ойртох тусам өөрийнхөө хир буртгийг илүү тод харж, угаах хэрэгтэй болсноо мэдэрдэг. Үүнчлэн ёс суртахууны хувьд ч мөн адил.

Багаасаа гэм нүглийн мөн чанарыг мэдэх болсон Иохан, Паул, Петр нар Христийн ариун байдлын тухай ярьж байсан: “Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй” (1Петр 2:22).

Есүсийг таньдаггүй байсан Пилат хүртэл “Тэр ямар муу юм хийсэн юм бэ?” гэж асуусан байдаг. Тэгэхлээр Пилат Христ гэм буруугүй гэдгийг цаанаа мэдэж байсан байна. Христийн үхлийг нүдээрээ харж байсан Ромын цэрэг “Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ” гэсэн (Матай 27:54).

Хоёрдугаарт: Зөвхөн Бүтээгч Бурханд байдаг байгалийн хүчин зүйлээс давсан хүчийг Христ харуулсан.

Тэр Галил нуурын хүчтэй шуургыг намдаасан. Завин дээр байсан хүмүүс Түүний хийсэн зүйлээс ихэд айж “Салхи болон нуур хүртэл Түүнд захирагдаж байдаг Тэр ер нь хэн юм бэ?” гэсэн байдаг. Тэр усыг дарс болгож, 5 талх 2 загасаар 5000 хүнийг хооллож, бэлэвсэн эхнэрийн хүүг үхлээс амилуулж байсан. Тэр: “Лазар бос” гэж айлдан хуучин найзаа үхлээс амилуулсан нь гайхамшигтай. Түүний дайснууд хүртэл энэ гайхамшгийг үгүйсгэхийн оронд Түүнийг алахыг оролдож байв. “Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ” (Иохан 11:48) гэсэн байдаг.

Гуравдугаарт: Есүс өвчин эмгэгийг эдгээх Бүтээгчийн хүчийг харуулж байв. Тэр доголонг алхуулж, хэлгүйг яриулж, сохрыг хараа оруулж байв. Түүний эдгээсэн хүмүүсийн зарим нь сэтгэцийн болон олдмол биш, харин төрөлхийн эмгэгтэй хүмүүс байсан. Хамгийн гайхалтай нь Иохан 9-р бүлэгт бичигдсэн хараагүй хүний тухай жишээ юм. Тэр хүн гайхамшгийн учрыг олоогүй ч түүнд тохиолдсон нь бусад хүмүүст итгэл төрүүлэх хангалттай шалтгаан байсан юм. Тэр “Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна” гэв. Өөрийг нь Эдгээгчийг Бурханы Хүү болохыг ухаарахгүй байгаа нөхдөдөө тэр ихэд гайхаж байлаа. “Цаг хугацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогүй” гэж хэлсэн (Иохан 9:25,32). Түүнд энэ явдал хангалттай баталгаа байсан.

Дөрөвдүгээрт: Христийн үхлээс амилсан нь Түүний тэнгэрлэг чанарын талаарх тунхаглалын хамгийн дээд нотолгоо юм. Тэр, Өөрийнхөө үхлийн талаар 5 удаа урьдчилан хэлсэн байдаг. Түүнчлэн Тэр үхээд гурав хоногийн дараа үхлээс амилж, дагалдагч нартаа үзэгдэх болно гэдгээ хэлсэн.

Мэдээж энэ бол том шалгуур. Үүгээр Түүний тунхаглал үнэн эсэхийг батлахад амархан.

Христийг хүлээн зөвшөөрөгчид болоод эсэргүүцэгчдийн аль аль нь Түүний амилалтыг Христэд итгэх итгэлийн тулгын чулуу гэдгийг олж мэдсэн байсан. Агуу элч Паул хэлэхдээ: “Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм” (Коринт 15:14). Паулын бүх итгэл Христийн биеэрээ амилсан явдалд тулгуурлаж байжээ. Тэрээр үхлээс амилсан эсвэл амилаагүй ч байж болох боловч амилсан учраас л түүхэнд хамгийн дуулиант үйл явдал болсон юм.

Бурхан Өөрт нь мухраар сүсэглэхийг хүсдэггүй.

Хэрэв Христ үхлээс амилсан юм бол Бурхан оршин байгаа нь гарцаагүй бөгөөд Түүний хэн болохыг бид баталгаатай мэдэж чадна. Магадгүй бид Түүний нөлөөллийг амьдралдаа бие сэтгэлээрээ амсах боломжтой. Орчлон ертөнц утга учир, зорилготойгоор оршин байгаа бөгөөд орчин үед ч Бурханийг туршлагаараа мэдэх боломжтой.

“Хэлэх амархан. Хэн ч тунхаглаж чадна. Харин Назарын Есүсийн хувьд... Тэр Өөрийнхөө тунхаглалд эзэн суусан юм.”

Нөгөө талаар хэрэв Есүс Христ үхлээс амилаагүй бол Христ итгэл нь музейн сонирхолтой үзмэрээс цаашгүй, үүнд тургуурлах үндэслэл ба бодит нөлөө байхгүй бөгөөд “Амилсан ч болоосой” гэсэн хүсэл төдий л зүйл болно. Мэдээж ийм зүйлээс болж уурлаж цухалдах нь илүүц биз. Тэгэхээр, итгэлийнхээ төлөө амиа алдагсад болон Эквадор, Конго гэх мэт ядуу буурай улсад энэ мэдээг хүргэхээр амьдралаа зориулсан өнөө үеийн илгээлтийн эзэд дэмий юманд амьдралаа үрсэн хөрхийлөлтэй тэнэгүүд болж таарах нь.

Христ итгэлийг эсэргүүцэгчдийн довтлох бай нь Есүс Христийн амилалт байдгаас үзвэл гол зангилаа Түүний амилалтад оршдог нь тодорхой юм. 1930-аад оны эхээр Английн нэгэн залуу хуульч Христ итгэлийг няцаах шийдвэртэй оролдлого хийжээ. Тэрээр амилалтыг санаанаас зохиосон уран сэтгэмжит үлгэр гэж үздэг байв. Амилалт нь Христ итгэлийн тулгын чулуу болохыг ойлгоод, тэрээр үүнийг худал хуурмаг зүйл гэж нотлон харуулж дэлхий ертөнцийг мунхралаас гарахад нь тусална гэж шийджээ. Хуульчийн хувьд тэрээр хэргийн учрыг нарийвчлан шүүн тунгааж, өнөөгийн шүүхийн өмнө ч хүлээн зөвшөөрөгдөхүйц хүчтэй баримт нотолгоо гаргах өндөр чадвартай гэдгээ мэдэрч байж.

Хэдий тийм боловч Франк Моррисоны судалгааны явцад гайхалтай явдал болжээ. Хэргийн шалгалт түүний санасан шиг хялбар байсангүй. Эцсийн дүнд түүний “Бичихийг хориглосон ном” нэртэй зохиолын эхний бүлгийн “Чулууг хэн хөдөлгөв?” гэсэн сэдэв төрсөн юм. Тэрээр энэхүү бүтээлдээ, нотлох баримтыг шалгах явцад Христ биеэрээ амилсныг тэр өөрөө хүлээн зөвшөөрөхөд хүрсэн гэдгээ бичжээ.

Есүсийн үхэл

Есүсийн үхэл бол ард олны зүгээс Түүнд тулгасан цаазын ял байсан. Тухайн үеийн эрх баригчид үүнийг гутаан доромжлол гэж хэлсэн. Харин Есүс үүнийг бидний гэмийн төлөөс юм гэж хэлсэн. Түүнийг хэрцгийгээр тамласны дараа загалмайд гар, хөлийг нь хадаасаар хадан дүүжилж, удаан тарчилгаж үхүүлсэн. Тэгээд үхсэн эсэхийг шалгаж хавирга уруу нь жадалсан.

Есүсийн биеийг маалинган даавуунд ороогоод, 100 фунт буюу 45 орчим кг давирхай түрхэж, шарилыг хадан булшинд хийгээд 1.5 - 2 тн жинтэй үхэр чулуугаар булшны амыг тагласан. Есүс ард олонд Өөрийгөө үхлээс амилна гэж хэлж байсан учир Ромын тусгай бэлтгэгдсэн цэргүүдээр булшийг мануулж байв. Хадан булшны аман дээр Ромын албан ёсны өмч хэмээн лацадсан байлаа.

Энэ бүхнийг үл харгалзан гурав хоногийн дараа шарил алга болсон байв. Зөвхөн ороосон даавуу нь л үлджээ. Лацтай чулуу агуйн амнаас зайдуу хэвтэж байв.

Есүсийн амилалт зүгээр л нэг үлгэр гэж үү?

Дагалдагч нар нь Есүсийн шарилыг хулгайлсан гэсэн тайлбар хамгийн анх тархсан. Матай 28:11-15 –д харуулуудын зарим нь ирж шарил алга болсон тухай итгэмээргүй мэдээ дуулгах үед ахлах тахилч нар ямар хариу арга хэмжээ авсан талаар баримт бий. Тэд ахлагч нартай уулзаад зөвлөлдөн, цэргүүдэд их хэмжээний мөнгө өгч, шөнө биднийг зүүрмэглэх зуур шавь нар нь ирээд, шарилыг хулгайлчихлаа гэж хэл гэсэн байдаг. Энэ түүх бол огт худал бөгөөд Матай худал гэдгийг нь батлахыг ч хүсээгүй юм. Хэрэв та шүүхэд: “Унтаж байх зуур хөрш маань орж ирээд, зурагт хулгайлчихлаа” гэж мэдүүлбэл яаж хүлээж авах бол? Хүн унтаж байхдаа юу болж байгааг мэддэг билүү? Ямар ч шүүгч иймэрхүү мэдүүлгийг сонсоод инээд нь хүрнэ.

Цаашилбал, Христийн биеийг хулгайлна гэдэг бол дагалдагчдын хувьд байж боломгүй хэрэг юм. Бид тэдний ямар мөн чанартайг мэднэ. Тэд мөс чанарынхаа эсрэг ийм зүйл хийж зүрхлэхгүй. Хэрэв тэд үүнийг үйлдсэн бол мянга мянган хүнийг төөрөлдүүлж, тэднийг хуурамч зүйлийн төлөө амиа алдахад хүргэсэн хэргийн буруутнууд болох байсан. Нөгөөтэйгүүр, зарим дагалдагчид нь шарилыг хулгайлахаар хуйвалдаж, ажиллагаа нь амжилттай болсон байлаа гэж бодоход тэд бусдадаа энэ талаар заавал хэлэх байсан.

Дагалдагч бүр нь Есүс Христэд тавьсан итгэл ба тунхаглалуудынхаа төлөө эрүүдэн шүүгдэж, амиа алдах шалгууртай тулгарч байсан. Хүмүүс үнэн гэж итгээд, худал зүйлийн төлөө амиа алдах нь бий. Гэхдээ дагалдагчид мэдсээр байж худал хуурмагийн төлөө амиа өгөх байсан уу? Хэрвээ дагалдагчид нь шарилыг авсан нь үнэн бол Христ үхсэн хэвээрээ гэсэн үг. Хэрэв тийм бол Есүс амилсныхаа дараа дагалдагч нартайгаа уулзсан гэх үндэс байхгүй.

Еврейчүүд эсвэл Ромчууд шарилыг зөөсөн байж болох хоёр дахь таамаг. Гэвч шарилыг зөөх байсан юм бол тэд яах гэж цэргүүдээр мануулсан юм бол? Мөн элч нар Иерусалимд Христийн амилалтыг зүрх зоригтойгоор тунхаглаж байхад тэд яагаад чимээгүй байв? Хуулийн багш нар Есүсийн үхлээс амилсан тухай мэдээг тархаахгүй байхын тулд боломжтой бүх зүйлийг хийж байсан. Тухайлбал элч Петр, Иохан нарыг дуугүй байлгахын тулд баривчлан зодож, сүрдүүлж байв.

Гэтэл, тэд Христийн биеийг үнэхээр авсан юм бол үзүүлэн болгож Иерусалимын гудамжаар баярын жагсаал хийхгүй яасан юм бол? Тэд нэг удаагийн ийм эсэргүүцлээр л Христ итгэлийг бага дээр нь дарчихаж дөнгөх байсан. Тэд тэгээгүй учраас шарил тэдэнд байгаагүй гэсэн үг.

Өөр нэгэн таамаг нь эмэгтэйчүүд ихэд гашуудсанаас болж ухаан самуурсан байсан ба өглөөний мананд замаа эндүүрч өөр хадан булш уруу очсон. Тэд уй гашуун улмаас самуурсан байсан учир булш хоосон байсныг Христ амилжээ гэж бодсон. Эмэгтэйчүүд булш андуурсан юм гэхэд ахлах тахилч нар болон итгэлийн бусад дайснууд мөн л булшийг андуурсан хэрэг үү? Петр, Иохан нар хүртэл андуурсан байх уу? Булшны эзэн болох Ариматын Иосеф үүнийг шийдэж болох байсан. Мөн энэ нь нийтийн булш биш, хувийн булш байсан гэдгийг санах хэрэгтэй. Андуурчихаар өөр булш ойр хавьд нь ч байгаагүй.

Түүнийг ухаан алдсан байсан гэсэн үзэл өнөөг хүртэл байна. Энэ үзлээр бол Христ үхээгүй, харин шарх, цус алдалт, асар их өвдөлтөөс болж ухаан алдсаныг нь үхсэн гэж бодсон. Булшин дотор сэрүүн учир Тэр ухаан орсон. Тэгээд булшнаас гарч дагалдагч нартайгаа уулзсан нь Түүнийг амилсан гэж эндүүрэхэд хүргэсэн гэдэг.

Энэ бол орчин цагийн тайлбар. Анх 18-р зууны төгсгөл үеэр энэ үзэл гарч ирсэн. Энэ үеийг хүртэл Христ итгэлийн эсрэг хийгдсэн хүчтэй эсэргүүцлүүдийн дотор иймэрхүү дайралт огт байгаагүй. Учир нь эртний бүх түүхэн баримтууд Есүсийн нас барсныг баталдаг юм.

За тэгвэл Христ ухаан алдсан учраас амьдаараа оршуулагдсан байг. Ямар ч хоол хүнс, ус, асаргаа сувилгаагүй гурав хоног чийгтэй булшинд амьд үлдэнэ гэдэгт та итгэх үү? Өөрийг нь ороосон даавууг дотроос нь тайлж, үхэр чулууг булшны амнаас зайлуулж, Ромын цэргүүдийн хажуугаар өнгөрч, хадаасаар нэвт цоологдсон хөлөөрөө олон бээр алхаж чадах байсан уу? Иймэрхүү таамаг нь амилалтын энгийн баримтуудаас илүү зохиомол биш үү?

Германы шүүмжлэгч Давид Страус амилалтанд итгэх нь утга учиргүй гэж үздэг хэдий ч ухаан алдсан гэх тайлбарыг няцаасан юм. Тэр хэлэхдээ:

Эмчилгээ сувилгаа хэрэгтэй хэвтрийн байдалд орсон, болгоомжтой асрах шаардлагатай, өвчиндөө тарчилж, сүүлчийн зовлонгоо эдлэн үхлүүт байсан Нэгэн үхэл ба булшийг ялан дийлэгч, Амийн Эзэн хэмээгдэн дагалдагч нартаа гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх нь боломжгүй юм.

Эцэст нь, хэрэв энэ таамаг зөв бол Христ Өөрөө худал хуурмагийг нуун дарагдуулсан болно. Учир нь Есүсийн дагалдагч нар Түүнийг үхээд, амилсан гэдэгт итгэцгээсэн. Есүс ингэж итгэхийг нь болиулаагүй бөгөөд харин ч зоригжуулсан билээ.

Булш хоосон байсныг тайлбарлах цорын ганц хангалттай үндэслэл бол Есүс Христийн үхлээс амилсан явдал юм.

Тэр бол мухар сүсэг биш, харин Бурханийг таньж мэдэх боломж

Хүмүүс үнэн гэж итгээд худал зүйлийн төлөө амиа алдах нь бий. Гэхдээ дагалдагчид мэдсээр байж худал хуурмагийн төлөө амиа өгөх байсан уу?

Хэрэв Есүс Христ үхлээс амилсан юм бол Тэр Бурхан мөн агаад өнөөдөр ч амьд. Тэр магтуулан, алдаршихаас илүү зүйлийг хүсдэг. Тэр Өөрийгөө таниулж, бидний амьдралд орохыг хүсдэг. Есүс хэлэхдээ: “Харагтун Би үүдэн дээр чинь зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэг нь Миний дууг сонсоод, хаалгаа нээвэл, Би Түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно” гэсэн. (Илчлэлт 3:20)

Хожим нь Карл Густав Жанг хэлэхдээ: “Өнөөгийн дэлхийн хямралын үндэс нь хоосрол юм” гэжээ. Бид амьдралын учир утгыг хайсан гүн хүсэлтэй байдаг. Есүс Өөртэй нь харилцаатай байснаар ирдэг утга учиртай, сэтгэл дүүрэн амьдралыг бидэнд өгөхийг хүсдэг. Есүс хэлэхдээ: “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм” (Иохан 10:10) гэж хэлсэн.

Учир нь Есүс хүн төрөлхтөний гэмийг үүрч, загалмай дээр үхсэн юм. Тэр одоо ч биднийг уучилж хүлээн аван, жинхэнэ дотно харилцаатай байхыг хүсдэг.

Яг одоо та Есүс Христийг өөрийнхөө амьдралд урьж болно. Та Түүнд хандан, “Есүс ээ, миний төлөө, миний гэмийн улмаас загалмай дээр амиа зориулсанд баярлалаа. Намайг уучилж, миний амьдралд яг одоо орж ирээч. Та надтай харилцаа тогтоосонд баярлалаа” гэж хэлж болно.

Танд ямар нэгэн асуулт байна уу? Есүсийн талаар илүү мэдэхийг хүсвэл бидэнд и-мэйл бичээрэй.

Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…

Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.

Надад асуулт байна…

Паул И. Литл - Know Why You Believe by Паул И. Литл, published by Victor Books, copyright (c) 1988, SP Publications, Inc., Wheaton, IL 60187. Зөвшөөрлөөр ашиглав.

Яаж Бурхантэй харилцаагаа эхлүүлэх вэ?