Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Бурхан бидний залбиралд хариулдаг уу?

Ямар нөхцөлд Бурхан бидний залбиралд хариулдаг вэ?

Хэрхэн залбирах вэ? Биелдэг залбирлууд

Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хэн нэгнийг та таних уу? Намайг урьд нь шашингүй үзэлтэн байхад нэг сайн найз маань Бурханд үргэлж залбирдаг байсан юм. Бурханыг юу хийгээсэй гэж найдаж байгаагаа долоо хоног бүр л надад ярина. Тэгээд л долоо хоног бүр Бурхан түүний залбирлыг биелүүлэхээр ямар нэг ер бусын зүйл хийснийг нь би харна. Бурхангүй үзэлтний хувьд байнга иймэрхүү зүйл харах нь хэчнээн хэцүү болохыг та ер нь мэдэх үү? Хэсэг хугацааны дараа би энэ бүхнийг “Тохиолдол” гэдэгт эргэлзэж эхэлсэн юм.

Тэгвэл миний найзын залбирлыг Бурхан яагаад биелүүлдэг байсан юм бол? Бурхантай харилцаатай байсанд л гол учир байгаа юм. Тэр Бурханыг дагахыг хүсэж, Түүнийг сонсдог байсан. Тэр өөрийг нь удирдан чиглүүлэх бүрэн эрхийг Бурханд зөвшөөрдөг байв. Гуйн залбирах нь найзын маань хувьд Бурхантай тогтоосон харилцааных нь чухал хэсэг байлаа. Тэр өөрийн бүх хэрэгцээ, асуудлаа Бурханд залбирахдаа маш сэтгэл хангалуун байдаг байсан. Үүнээс гадна Библиэс уншсаныхаа дагуу Бурханд найдах нь зөв гэдэгт тэр итгэдэг.

Тэр Библийн энэ хэсгийг хэлэх их дуртай. “Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм.”1 “Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг...”2

Тэгвэл Бурхан бүх хүний залбиралд яагаад хариулдаггүй вэ?

Магадгүй тэд Бурхантай харилцаагүй байдаг учраас тийм байдаг байх. Тэд Бурхан байдаг гэдгийг мэддэг, бүр үргэлж Бурханыг магтан дуулдаг хүмүүс ч байж болох юм. Хэзээ ч залбирал нь биелж байгаагүй хүмүүс магадгүй Бурхантай харилцаагүй байдаг байх. Цаашилбал, тэд хэзээ ч Бурханы уучлалыг бүрэн ухаараагүй байж ч болох юм. Үүнийг тайлбарлавал: “Үзэгтүн, Эзэний мутар аварч чадахааргүй богино биш ээ. Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ. Харин та нарын нүглүүд Бурханы нүүрийг Та нараас далдалжээ, тийм учраас Тэр сонсдоггүй.”3 Уучлагдахын тулд яах хэрэгтэй гэж та бодож байна?

Бид Бурханаас тусгаарлагдсан байгаагаа мэдэхэд хялбар. Хүмүүс ямар нэг зүйлийг Бурханаас гуйх үед юу болдог гээч? Тэд “Бурхан минь ээ, энэ асуудалд Таны тусламж надад их хэрэгтэй байна ...” гэж хэлээд, түр азнаж ... “Би гэмгүй ариун хүн биш ээ, Танаас гуйх эрхгүй гэдгээ ч ойлгож байна аа...” гэж дахин эхэлдэг. Үүнээс үзвэл тэд гэм, алдаа дутагдалтай гэдгээ, мөн үүнийг нь Бурхан ч бас мэдэж байгааг мэддэг. Тэд Бурханаар хэрхэн уучлагдахаа мэддэггүй байж болох юм. Тэд Бурхантэй харилцаа тогтоож болох, мөн ингэснээр Бурхан тэднийг сонсоно гэдгийг мэддэггүй байх. Таны залбиралд Бурхан хариулах гол үндэс нь харилцаа юм.

Залбирлын үндэс юу вэ?

Та эхлээд Бурхантай харилцаа тогтоох хэрэгтэй. Майк гэдэг нэгэн залуу байж л дээ. Тэр залуу машин авахын тулд Принстоны их сургуулийн захирлаас (Майкыг танихгүй) зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зурахыг гуйхаар шийдсэн гэж бодъё. Майкын хувьд энэ арга боломжгүй юм. (Принстоны их сургуулийн захирал мэдээж тэнэг биш). Харин захирлын охин нь түүнээс энэ зүйлийг гуйвал ямар ч асуудал байхгүй. Гол нь харилцаа.

Бурханыг хүлээн авч, хүүхэд нь болсон Өөрийнхөө хүмүүсийг Тэр таньдаг ба тэдний залбирлыг сонсдог. Есүс хэлэхдээ: “Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ... Миний хонин сүрэг миний дууг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй”4 гэсэн. Та үнэхээр Түүнийг таньдаг уу? Тэр таныг мэддэг болов уу? Залбирлын чинь баталгаа болж чадах харилцаа танд байна уу? Эсвэл Бурхан танаас дэндүү хол байна уу? Таны хувьд Тэр зүгээр л ойлголт төдий зүйл үү? Хэрэв Бурхан танаас хол хөндий байгаа бол, эсвэл та Түүнийг сайн мэдэхгүй байгаа бол яг одоо Түүнтэй хэрхэн харилцах тухай Харилцаа тогтоох нь сэдэвт өгүүлсэн байгаа.

Бурхан таны залбиралд тодорхой хариулах болов уу?

Түүнийг таньдаг, Өөрт нь түшиглэдэг хэн бүхэнд Есүс маш өгөөмрөөр өгдөг. “Хэрэв та нар Миний дотор, Миний Үг та нарын дотор байвал юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт өгөгдөх болно.”5 Тэд Түүний дотор, Түүний үг тэдний дотор “байх” гэдэг нь амьдралаа Түүгээр удирдуулан, Түүнээс хамааралтай байж, юу хэлэхийг нь сонсоно гэсэн үг юм. Энэ үед тэд Түүнээс хүссэн бүхнээ гуйж болно. Өөрөөр бас: “Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.”6 Бурхан бидний залбиралд Өөрийнхөө хүслийн дагуу хариулдаг (мөн Өөрийн мэргэн ухаан, бидний төлөөх хайр болон ариун байдлынхаа дагуу, г.м).

Бид Бурханы хүслийг мэднэ гэж эндүүрдэг нь нэг зүйлээр харагддаг. Тодорхой нэг залбиралд тохирох зөвхөн ганц “хариулт” байх ёстой, ТЭР нь л Бурханы хүсэл мөн гэж бид боддог. Үүнд л асуудал байгаа юм. Бид цаг хугацаа ба мэдлэгийн хязгаарлагдмал байдалд амьдардаг. Ямар нэг нөхцөл байдлын цаад учрыг, мөн тухайн үед юу хийвэл ирээдүйд ямар үр дүн гарахыг бид тодорхой мэдэхгүй. Харин Бурханы оюун ухаан хязгааргүй. Амьдралд тохиох үйл явдлууд хэрхэн өрнөж төгсөхийг зөвхөн Тэр л мэддэг. Мөн түүнчлэн Бурхан бидний төсөөлж чадахаас ч илүү алсыг хардаг. Тийм учраас Бурхан ямарваа нэг зүйлийг үйлдэхдээ зүгээр л нэг хийчихдэггүй. Яагаад гэвэл Тэр үүнийг хийх хүсэлтэй байх ёстой гэдгийг бид ойлгосон шүү дээ.

Бурханы хүслийг яаж мэдэх вэ? Тэр юу хийхийг хүсдэг вэ?

Бурханы бидэнд хандсан хүсэл зоригийг хуудас хуудсаар нь бичиж болохсон. Библи бүхлээрээ – Тэр бидэнтэй ямар холбоотой байж, биднийг яаж амьдраасай гэж хүсдэгийг тайлбарладаг. Жишээ нь:

“ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан, хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэхээр өндийн босдог. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүсэн хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ.”7 Та төсөөлж байна уу? Суудлаасаа өндийгөөд танд тусалж байгаа хүн шиг “Тэр танд өршөөл үзүүлэхээр өндийн босдог.” “Бурханы зам төгс төгөлдөр юм... Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.”8 “ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг, Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.”9

Есүс, Бурханы бидний төлөөх агуу хайр ба үүрэг, амлалтыг нь илэрхийлэн “Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.”10 “Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ.”11

“Биелээгүй” залбирлын тухайд

Мэдээж хүмүүс өвчин тусдаг, үхдэг. Санхүүгийн асуудал ч түгээмэл, мөн янз янзын хүнд бэрхшээлүүд ч гарч ирж болно. Тэгвэл яах вэ?

Бурхан санаа зовнилуудаа өг гэж бидэнд хэлдэг. Нөхцөл байдал бүрхэг үед ч “Тэр чамд санаа тавьдаг тул Түүнд бүх зовнилоо үүрүүл.”12 Байдал хүндэрч, хяналтаас гарсан мэт санагддаг, гэвч үнэндээ тийм биш юм. Галав юүлэх мэт үед ч Бурхан биднийг хамгаалж чадна. Ийм үед хүн Эзэнийг мэддэгтээ ямар их баярлах бол. “Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална.”13 Асуудлаас гарах, асуудлыг шийдвэрлэх [магадгүй таны санаанд багтамгүй] АРГА ЗАМЫГ ч Бурхан нээж өгч болох юм. Амьдралд нь тохиолдсон иймэрхүү жишээг Христэд итгэгчид олныг жагсааж чадах бизээ. Гэхдээ, хэрэв байдал дээрдэхгүй байсан ч энэ бүхний дунд Бурхан биднийг сэтгэл амар байлгаж чадна. Есүс хэлэхдээ “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.”14

Нөхцөл байдал хүнд хэвээрээ байх үеүдэд Бурхан биднийг Түүнд итгэсэн хэвээрээ байхыг, өөрөөр хэлбэл “Харж байгаагаараа бус итгэлээрээ” алхахыг биднээс хүсдэг. Гэхдээ энэ бол сохор итгэл биш. Харин Бурханы үнэн мөн чанарт тулгуурласан итгэл юм. Алтан Хаалга гүүрээр* гарч яваа машин гүүрний бүрэн бүтэн байдалд тулгуурлан явна.Үүнд жолоочийн юу мэдэрч, юу бодож, хажууд суугаа хүнтэйгээ юу зөвлөлдөж байгаа нь хамаагүй. Гүүрийг гатлах машины аюулгүй байдал бол гүүрний бүрэн бүтэн байдал юм.

Үүний нэгэн адил Бурхан биднийг Өөрийнх нь үнэнч шударга байдал, мөн чанар... Түүний хайр энэрэл, мэргэн ухаан, зөвт байдалд итгэхийг хүсдэг. Тэр хэлэхдээ, “Би чамайг үүрдийн хайраар хайрласан, тийм учраас би чамайг хайр энэрлээр татсан юм.”15 “Хүмүүсээ хэзээд Түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм.”

Дүгнэж хэлэхэд... Яаж залбирах вэ?

Бурхан – хүүхдүүдийнхээ (Түүнийг өөрийн амьдралдаа оруулан, Түүнийг дагахаар эрж хайдаг хүмүүсийн) залбиралд хариулахаа амласан. Тэр биднийг бүх зовнилоо залбирлаараа Түүнд авчир гэдэг. Тэгвэл Тэр Өөрийн хүслийн дагуу бүхнийг хийнэ. Бид Бурханд хандан, бүх асуудал бэрхшээлээ Түүнд даатгаж орхивол нөхцөл байдлыг үл ажран, сэтгэл амар байж чадна. Бидний итгэл найдварын үндэс суурь бол Бурханы Өөрийнх нь мөн чанар юм. Түүнийг илүү мэдэхийн хэрээр Түүнд илүү найддаг болно.

Бурханы мөн чанарыг мэдэхийг хүсвэл Бурхан гэж хэн бэ? болон веб сайтын бусад сэдвүүдийг уншина уу? Бидний гуйлт залбирлын шалтгаан нь Бурханы Өөрийнх нь мөн чанар юм. Бурханы хариулдаг хамгийн эхний залбирал бол Түүнтэй харилцаа тогтоох залбирал юм.

(Мэрилин Адамсон)

Зүүлт: (1) 1 Иохан 5:14 (2) 1 Петр 3:12 (3) Исаиа 59:1,2 (4) Иохан 10:14,27-28 (5) Иохан 15:7 (6) 1 Иохан 5:14,15 (7) Исаиа 30:18 (8) Дуулал 18:30 (9) Дуулал 147:11 (10) Иохан 15:13 (11) Ром 8:32 (12) 1 Петр 5:7 (13) Филиллой 4:5-7 (14) Иохан 14:27 (15) Иеремиа 31:3 (16) Дуулал 62:8

* Алтан Хаалга гүүр (Golden Gate Bridge) – АНУ-ын Сан Францискогийн хойг болон Марин хойгийн хооронд, Golden Gate хоолой дээгүүр татсан гүүр.

ХУВААЛЦАХ:  

TOP