Бурхан байдаг уу?

Бурхан байдаг уу? Бурханийг батлах боломж бий юу? Бурханий оршин байгааг нотлох дараах үнэн бөгөөд энгийн үндэслэлүүдийг санал болгож байна.

Мэрилин Адамсон

Танд Бурханий оршин байгаагийн баталгааг ердөө ганцхан удаа энгийнээр харуулъя гэвэл та дургүйцэхгүй биз ээ. Мэдээж таныг “итгэ” гэж шаардахгүй. Бурхан байдаг болохыг магадлах зарим үндэслэлүүдийг энд ний нуугүй хэлэхийг хичээе.

Юуны өмнө нэг зүйлийг анхаарна уу. Бурханий байж болох боломжийг хүн эсэргүүцэхээрээ ямар ч нотолгоонд өөр учир шалтгаан өгч залруулна, эсвэл шалтаг тавин зайлсхийнэ. Ингэх нь хэн нэгэн хүн Ж.Гүррагчааг сансарт нисээгүй гэж үндэслэлгүйгээр муйхарлахтай төстэй. Энэ нь тэр хүн сансарт хэн ч нисэж чадахгүй гэсэн бодолд хүлэгдчихсэн байгаа хэрэг. Тийм болохоор тухайн үйл явдлуудыг гэрчлэх фото зургууд, нисгэгчтэй хийсэн ярилцлага зэрэг нотолж болох зүйлс түүний бодлыг өөрчлөхөд нэмэр болохгүй л болов уу.

Бурханий оршин байгааг мэдэх хангалттай нотолгоог харсан ч Бурханий тухай үнэнийг нуун дардаг хүмүүс байдаг гэж Библид хэлдэг.1 Нөгөөтэйгүүр Бурхан байдаг эсэхийг мэдэхийг хүсдэг хүмүүс ч байна. Харин ийм хүмүүст Тэр, “Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Би та нарт олдоно”2 гэж хэлдэг. Бурханийг тойрсон олон бодит баримтуудыг үзэхээсээ өмнө та, “Хэрэв Бурхан үнэхээр байдаг бол би Түүнийг мэдэхийг хүсэж байна уу?” гэж нэг өөрөөсөө асуугаарай. Ингээд, тунгаан бодвол зохих учир шалтгаануудын зарим нь...

1. Бурхан байдаг уу? Манай гаригийн нарийн зүй тогтлыг ажиглавал, хэн нэгэн Зохион бүтээгч үүнийг урлан бүтээгээд, өнөөг хүртэл оршин тогтнуулсаар байгааг харуулдаг.

Бурханий уран хийцийг харуулсан жишээ олон бий, магадгүй, хязгааргүй их ч байж болох юм. Гэхдээ энд цөөн хэдийг нь л дурдъя.

Дэлхий...яг таарсан хэмжээтэй. Дэлхий, хэмжээ ба жигд татах хүчээрээ газрын гадаргаас дээш 80 орчим километрийн зузаантай, дийлэнх нь азот ба хүчилтөрөгчийн хийнээс бүрдсэн нимгэн давхаргыг тогтоон барьж байдаг. Хэрэв дэлхий арай бага хэмжээтэй байсан бол Буд гаригийн адил агаар мандалгүй байх байлаа. Хэрэв арай том хэмжээтэй байсан бол агаар мандал дахь чөлөөт ус төрөгчийн эзлэх хувь нь Бархасбадь гаригийнхтай адил их байх байсан.3 Дэлхий бол ургамал, амьтан ба хүний амьдралыг тэтгэх олон төрлийн хийн хольцоос тогтсон агаар мандлаар хучигдсан, мэдэгдэж буй, цорын ганц амьдрал бүхий гариг юм.

Дэлхий нарнаас зохистой зайд оршдог. Дэлхийн агаарын температур ойролцоогоор -34 хэмээс +49 хэмийн хооронд хэлбэлздэг гэж бодъё. Хэрэв дэлхий, нарнаас арай хол байсан бол бид хөлдөх байсан. Тодорхой хэмжээгээр ойр байсан бол бид шатах байлаа. Дэлхийгээс нар хүртэлх зайн яльгүй өөрчлөлт л дэлхий дээрх амьдралыг боломжгүй болгохоор байна. Дэлхий энэхүү зохистой байрлалаа хадгалан, цагт 107 826 км хурдтайгаар нарыг тойрдог. Мөн тэнхлэгээ тойрон эргэснээр өдөр бүр дэлхийн гадаргуу бүхлээрээ зохих хэмжээгээр халж, хөрөх боломжтой болдог.

Бас сарны хэмжээ ба түүний дэлхийгээс алслагдсан зай нь дэлхийн татах хүчний хувьд яг тохирсон байдаг. Сар нь далайн татлага ба түрлэг, мөн шилжих хөдөлгөөнийг үүсгэдэг. Иймд далайн тэнгисийн ус зогсонги байдаггүй, бас тивүүд дээгүүр хальж асгаралгүй тогтож байдаг байна.4

Ус...өнгө, үнэр, амтгүй. Гэвч ямар ч амьд зүйл усгүйгээр амьдарч чадахгүй. Ургамал амьтан, хүний биеийн ихэнх хэсэг уснаас тогтсон байдаг (ойролцоогоор хүний биеийн гуравны хоёр нь ус байдаг). Яагаад усны шинж чанарууд амьдралд хосгүй ихээр зохицдог болохыг та одоо харна.

Усны хөлдөх хэм 0 байдаг нь гайхалтай. Мөн ердийн нөхцлөөс их өндөр хэмд буцалдаг. Энэ чанар нь хүний биеийн дулааныг цельсийн 37 хэмийн хэвийн хэмжээнд тогтвортой барьж байдаг учраас бид халуун хүйтэн температурын хэлбэлзэлтэй орчинд амьдарч чаддаг.

Ус бол хамгийн түгээмэл уусгагч юм. Усны энэхүү уусгагч шинж чанарын ачаар мянга мянган химийн бодис, эрдэс болон шим тэжээлийн бодисууд цусны судсаар дамжин бидний биеэр бүхэлд нь тархдаг.5

Ус нь химийн идэвхгүй шингэн юм. Өөрөөр хэлбэл хүчиллэг эсвэл шүлтлэг биш. Иймээс ус нь агуулж буй бодисынхоо найрлага бүтцийг алдагдуулалгүйгээр хоол хүнс, эм тариа болон эрдэс бодисыг уусган хүний биед хэрэглэгддэг.

Усны гадаргуу нь онцгой харимхай чанартай. Тийм учраас ургамал дахь ус нь дэлхийн татах хүчний эсрэг дээш урсан, шим тэжээлийг хамгийн өндөр модны оройд ч хүргэж чаддаг.

Ус хөлдөхдөө дээрээсээ доош хөлддөг. Ингэхдээ хөлдсөн хэсэг нь хөвж, доод хэсгийн усыг хүйтнээс тусгаарладаг учраас загас өвөлжиж чаддаг.

Дэлхийн усны 97 хувийг далай тэнгис эзэлдэг. Гэвч усыг давснаас нь салган авч дэлхийн бөмбөрцөг даяар түгээх гайхалтай тогтолцоо бий. Ууршилт нь далайн усыг давснаас ангижруулж, салхиар амархан туугдах чанартай үүл болгон хувиргадаг. Ингэж ус нь дэлхийн газар нутаг даяар ургамал, амьтан ба хүмүүст хүргэгддэг. Энэ бол манай гаригийн амьдралыг тэтгэхийн тулд усыг эргэлтэд оруулж дахин хэрэглэгдэхүйц болгодог цэвэршүүлэн хангах тогтолцоо юм.6

2. Бурхан байдаг уу? Тархины нарийн түвэгтэй байдал нь түүнээс гадна хавьгүй өндөр оюуны чадавх байгаа болохыг харуулдаг.

Хүний тархи...гайхалтай олон тооны мэдээллийг нэгэн зэрэг боловсруулдаг. Таны тархи бүх өнгөнүүдийг болон таны харж буй юмс, хүрээлэн буй орчны температур, шалан дээр тулж буй хөлийн даралт, дуу чимээ, таны амны цангаа, тэр ч бүү хэл таны компьютерын товчлууруудын байрлал, бүтцийн мэдээллийг хүлээн авч байдаг. Тархи нь таны сэтгэл хөдлөл, бодол, санамжуудыг бүгдийг нь хадгалж бас боловсруулдаг. Мөн идэвхтэй явагдаж буй таны бие махбодын үйл ажиллагаа болох амьсгалын хэмнэл, зовхины анивчих, өлсөлт, гарын булчингийн хөдөлгөөн гэх мэтийг нэг мөчид тус тусад нь удирдаж байдаг.

Хүний тархи секундэд нэг саяас олон мэдээллийг боловсруулдаг.7 Таны тархи эдгээр бүх өгөгдлийг шүүж, харьцангуй чухал бишийг нь орхих замаар ач холбогдлыг нь үнэлдэг. Энэхүү шигших үйлдэл нь таныг орчиндоо төвлөрч үр дүнтэйгээр харилцан үйлчлэх боломж олгодог юм. Секунд бүрд мэдээллийн саяас олон тооны хэсгүүдийг үнэлж, танд хамгийн тохиромжтой үйлдлийг хийх боломж олгон ажилладаг... гэхдээ энэ нь тохиолдлоор бий болчихсон юм гэж үү? Зүгээр л биологийн үйл явцын үр дүнд хоорондоо яг зохицолдсон эд эс, цусны эргэлт, мэдрэлийн эсүүд, бүтэц зэрэг нь бий болсон байж таарах уу? Тархины үйл ажиллагаа бусад эрхтнүүдээс өөрөөр явагддаг. Тархинд тунгаан бодох, мэдрэмж төрүүлэх, мөрөөдөх ба төлөвлөх, үйлдэл хийх болон бусад хүмүүстэй харилцах чадвар байдаг. Хэн хүний тархийг бүрэн тайлбарлаж чадах вэ?

3. Бурхан байдаг уу? Юмсын бий болсон нь “Тохиолдол” эсвэл “Байгалийн хүчин зүйл” гэх тайлбарууд хангалтгүй болох нь.

Бидний эргэн тойронд байгаа бүхний бий болсон шалтгаан бол Бурхан мөн гэх тайлбарын өөр нэг хариулт нь байгалийн хүчин зүйл, санамсаргүй тохиолдол зэрэг юм. Шоог хаяхад хоёр ширхэг зургаа буух, эсвэл хоосон шоон дээр цэг гарч ирэх хоёрын хооронд их ялгаа бий. Хэдэн зууны тэртээд Луис Пастеврын* нотлохыг оролдож байсан зүйл нь амьдрал амьгүй зүйлээс гарч ирэхгүй гэдгийг баталдаг шинжлэх ухаан байжээ. Хүн, амьтан, ургамал хаанаас гарч ирэв ээ?

Мөн байгалийн хүчин зүйлс нь хүний ДНХ-д байдаг нарийн мэдээллийн утгыг тайлбарлахад учир дутагдалтай байдаг. Бурханийг хэрэгсдэггүй хүн энэ бүхэн ямар ч шалтгаангүйгээр, төлөвлөгөө загваргүйгээр, золоор тохиосон гэх дүгнэлттэй хоцордог. Энэ нь маш нарийн бүтэц, шинж чанаруудыг азаар бий болсон болгож ойлгохыг хүсч байгаатай агаар нэг юм.

4. Бурхан байдаг уу? Бурхан байхгүй гэж бат итгэлтэйгээр хэлэхийн тулд Түүнийг байдаг гэж итгэдэг тоо томшгүй олон хүмүүсийг үл хэрэгсэх хэрэгтэй болно.

Ямар нэг зүйлийн үнэн байх эсэх нь уг зүйлд хэчнээн олон хүн итгэж байгаагаас хамаарахгүй л дээ. Жишээ нь астрономич Николай Коперник нарны аймгийн тогтолцоог нээх хүртэл, нар болон бусад гаригууд дэлхийг тойрдог гэсэн үзэл ноёлж байсан шүү дээ. Үүнчлэн, урьд нь олноороо хүлээн зөвшөөрч байсан, дэлхий ертөнцийн талаарх нийтлэг ойлголтууд нь шинжлэх ухааны нээлтүүдээр цохигдох нь бий. Гэвч шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөөг хүртэл орчлон ертөнцийн цаана ухамсарт оюун ухаан байх магадлалыг үгүйсгэсэн нээлт алга байна. Үнэндээ, хүний амьдрал ба орчлон ертөнцийн тухай шинжлэх ухааны олон нээлт нь тэдгээрийг маш нарийн бөгөөд нягт нямбай загварчлагдсан болохыг улам бүр тодруулдаг. Энэ нь Бурханийг үгүйсгэхийн оронд харин ч улам бүр нээж өгдөг байна. Гэхдээ бүх нотолгоо зөвхөн шинжлэх ухаанаар хязгаарлагдахгүй.

Илүү том сэдэв байна. Энэ бол Бурхан байдагт итгэх гуйвшгүй итгэлээ түүхэн цаг үеийн туршид батлан тунхагласаар ирсэн тэр бум тэр бумаараа тоологдох хүмүүс юм. Тэдний итгэл -- үндэслэлгүй, таамаг төдий зүйл биш, харин Бурхантэй харилцах бодит, хувийн харилцаанаас үүдэлтэй. Өнөөдөр ч дэлхийн хүмүүсээс олон сая нь Түүнд итгэж амьдарсан туршлагаасаа нэг бүрчлэн ярьж өгч чадна. Ингэхдээ тэд биеллээ олсон залбирал, хэрэгцээг нь хангасан Бурханий өвөрмөц бөгөөд гайхалтай арга замууд, эсвэл чухал шийдвэр гаргахад нь удирдан дагуулсан тухай онцлох байсан. Тэд зөвхөн өөрсдийн итгэлийг санал болгоод зогсохгүй мөн амьдралд нь Бурханий хийсэн зүйлсийн талаар дэлгэрэнгүй хэлж өгөх биз ээ. Хайрлагч Бурхан байдаг бөгөөд Тэр тэдэнд өөрийгөө үнэнчээр зориулдаг гэдэгт олон хүн баттай итгэдэг. Тэгвэл, хэрэв та үл итгэгч бол “Миний түмэн зөв, тэдний олуулаа байх нь хамаагүй, бүгдээрээ эндүүрч байна” гэж бүрэн итгэлтэй хэлж чадах уу?

5. Бурхан байдаг уу? Бид Бурхан байдгийг мэднэ. Яагаад гэвэл Тэр биднийг Өөртөө ирүүлэхийн тулд бидний араас байнга санаа тавин идэвхтэйгээр дагаж байдаг.

Би нэгэн цагт бурхангүй үзэлтэн байсан. Ихэнх бурхангүй үзэлтнүүдийн л нэгэн адил Бурханд итгэх итгэлээс би их залхдаг байлаа. Байдаг байсан ч би итгэхгүй гэдэг бурхангүй үзэлтнүүдийн эсэргүүцэлд, итгэгч бид маш их цаг зав, анхаарал, хүч зарцуулдгийн учир юу вэ? Хүмүүст ойлгуулахын тулд итгэгчдийг чухам юу ингэж их зүтгэхэд хүргэдэг вэ? Би бурхангүй үзэлтэн байхдаа “өөрийн ойлголтоо” сул дорой, төөрөлдсөн гэмээр тэдгээр “итгэгч”-дийн горьдлого нь бүтэшгүй хэрэг юм гэдгийг ойлгоход нь туслах сэтгэл гэж тооцдог байлаа. Гэхдээ ний нуугүй хэлэхэд надад бас өөр санаа байсан юм. Намайг нэг итгэгч Бурханд итгүүлэхээр ятгахад нь үнэмшүүлж чадах эсэхийг нь харах юмсан гэж дотроо их сонирхож байлаа. Би Бурханий тухай асуултуудаас салж, санаа амрах юмсан гэж хүсдэг байсан хэрэг. Минийхээр бол хэрэв итгэгчдийн буруу болохыг бүрэн нотлох юм бол асуудал нэг тийш болж, би өөрийн дураар чөлөөтэй амьдрах боломжтой болох байлаа.

Хариулахгүй байхын аргагүй асуултыг Бурхан надад тулгаж байсан болохоор Түүний тухай асуудал миний сэтгэлд тийм хүнд жин дарж байсныг би тэгэхэд ухаараагүй явсан юм. Эцэстээ энэ байдал нь Бурхан надад Өөрийгөө мэдүүлэхийг хүсдэг болохыг ойлгоход хүргэсэн юм. Тэр биднийг Өөрийг нь таньж мэдэх гэсэн сонирхол бүхий төрөлхийн чанартайгаар бүтээсэн. Тэр Өөрийг нь байгаа болохыг мэдэж болох нотолгоонуудаар биднийг хүрээлж, Өөрийн оршин тогтнож буй талаарх асуултыг бидний бодолд зугтахын аргагүйгээр тавьсаар байдаг. Би Бурханий тухай бодлоос мултарч чадаагүйн учир энэ. Тийнхүү Бурханий оршин буйг хүлээн зөвшөөрөх сонголтыг хийх тэр өдөр миний залбирал “За за, Та яллаа...” гэж эхэлсэн юм. Бурхангүй үзэлтнүүд Бурханд итгэх явдлаас залхдаг нь магадгүй Бурхан тэдний төлөө санаа тавин, араас нь идэвхтэйгээр дагаж байгаа учраас ч байж болох юм.

Үүнийг амсаж туулсан нь ганц би биш ээ. Алдарт зохиолч Левис.К.С** дурсан хэлэхдээ “…орой бүр, ажлаасаа хоромхон төдий амсхийх бүрд, миний үнэн голоосоо уулзахыг хүсээгүй тэр Нэгэний эгцлэн ойртохыг би мэдэрдэг байсан. Эцэст нь би дотроо тэмцэлдэхээ больж, бууж өгсөн. Бурхан үнэхээр Бурхан байсныг хүлээн зөвшөөрөхдөө өвдөг сөгдөн залбирч билээ. Магадгүй тэр орой бүх Английн хувьд хамгийн гунигтай бөгөөд хэн ч хүсээгүй эргэлтийг авчирсан мөч байсан болов уу.”

Левис Бурханийг мэдсэнийхээ үр дүнд "Гайхшруулсан баяр хөөр" нэртэй номоо бичихээр болсон юм. Надад ч бас Бурханий оршин буйг шударгаар хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Хэдхэн сарын дараа надад зориулсан Түүний хайр намайг үнэхээр гайхшруулсан юм.

6. Бурхан байдаг уу? Есүс Христ бол Бурхан бидний төлөө санаа тавьж байдгийн хамгийн тод, хамгийн гол илэрхийлэл юм. Тэрээр бусад илэрхийлэлтэй нь адилгүй билээ.

Яагаад Есүс гэж? Дэлхийн голлох шашнуудыг судалж үзэх юм бол Будда, Мухаммед, Кунз болон Мосе нарыг, мөн тэд өөрсдийгөө багш эсвэл зөнчид гэж тодорхойлсон болохыг та олж мэднэ. Тэдний хэн нь ч өөрсдийгөө Бурхан гэж тунхаглаагүй юм. Гайхалтай нь Есүс Өөрийгөө тэгж хэлсэн. Энэ нь Есүсийг бусад бүх шашнуудаас ялгадаг юм. Тэр, Бурхан байдаг, та одоо ч Түүнийг харж байна гэж хэлж байсан. Түүний хэлсэн үг тэнгэрт буй Эцгийнхээ тухай байсан. Хэдийгээр Тэр газар дээр байсан хирнээ тэнгэрт оршигч Эцэгийн тухай ярьж байсан нь Эцэгээсээ хагацаж ирсэн хэрэг биш, харин маш ойр дотно нэгдэл, хүн төрөлхтний хувьд хосгүй Нэгэн мөн гэдгээ харуулах гэж ирсэн хэрэг байсан юм. Есүс Өөрийг нь харсан бүхнийг Эцэгийг харсан, түүнд итгэсэн бүхэн Эцэгт итгэсэн хэрэг юм гэж хэлсэн.

Тэр хэлэхдээ “Би бол ертөнцийн гэрэл мөн, Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно”8 гэсэн. Тэр зөвхөн Бурханд л байж болох чанаруудаараа хүмүүсийн анхаарлыг ихэд татсан юм. Эдгээр нь хүмүүсийн нүглийг уучлах, гэмт муу зуршлуудаас нь салгах, хүмүүст сэтгэл дүүрэн амьдралыг өгөх, мөн Диваажин болох Тэнгэрийн Улс дахь мөнх амьдралыг өгөх Түүний эрх мэдэл зэрэг нь юм. Бусад агуу багш нар хүмүүсийг зөвхөн өөрсдийнхөө хэлсэн үгэнд голчлон анхааруулдаг байсан бол, харин Есүс, Өөр уруугаа хандуулсан юм. Тэр “Миний үгийг дагавал чи үнэнийг олох болно” гэж хэлээгүй. Харин Тэр “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”9 гэж хэлсэн билээ.

Тэр Өөрийгөө Бурхан болохыг юугаар баталсан бэ? Хүний хийж чадахгүйг тэр хийсэн юм. Есүс ер бусын гайхамшгуудыг үйлдсэн. Тэр сохор, тахир дутуу, сонсголгүй … хүмүүсийг эдгээж, тэр ч байтугай зарим хүмүүсийг үхлээс амилуулж байсан. Түүнд бодит байдлаас давсан хүч байсан … багахан хүнснээс хэдэн мянган цугларагсдад хүрэлцэхүйц хүнсийг бүтээж хооллосон. Тэр байгалийн хүчнээс давсан гайхамшиг хийсэн … нууран дээгүүр алхаж, хэсэг нөхдийнхөө төлөө догширч байсан далайн шуурганд тушааж намжаасан. Хүмүүс Түүнийг газар сайгүй дагаж байв. Учир нь Тэр байнга тэдний хэрэгцээг хангаж, гайхамшгуудыг үйлдэж байсан юм. Тэр, та нар миний хэлсэнд итгэхийг хүсэхгүй байгаа бол Би та нарт хэлье, ядаж харж буй гайхамшгуудын улмаас Надад итгээч гэж хэлсэн.10

Бурханий дөлгөөн, хайраар дүүрэн, бидэнтэй харилцаатай байхыг чин сэтгэлээсээ хүсдэг болохыг Есүс Христ харуулсан. Бид амиа бодсон, сул талуудтай ч Тэр бидэнд ийнхүү ханддаг. Бурхан хэдийгээр биднийг гэмтэн, Түүний шийтгэлийг авах зохистой гэдгийг мэддэг ч гэлээ бидний төлөөх хайр нь Түүнийг бидэн дээр өөр төлөвлөгөөтэйгөөр ирэхэд хүргэсэн юм. Бурхан, Өөрөө хүний дүрийг өмсөж, бидний төлөө бидний гэмийн шийтгэлийг үүрсэн. Инээдтэй байна уу? Магадгүй. Гэвч хүүхдэдээ хайртай олон аавууд хэрэв тэд чаддагсан бол хорт хавдрын улмаас асрамжид орсон хүүхдийнхээ өвчнийг өөртөө дуртайяа авах байсан. Бид Бурханийг хайрлах болсон шалтгаан нь Тэр Өөрөө биднийг эхэлж хайрласан учраас юм гэж Библид хэлдэг.

Есүс бидний өмнөөс үхсэн учраас бид уучлагдах болсон. Дэлхийн шашнуудаас ялгаатай нь Өөрт нь хүрэх замыг Бурхан Өөрөө тавьсан бөгөөд, зөвхөн Есүсээр дамжуулан хүн төрөлхтөнд тусламжийн гараа сунгадаг. Есүс бидний хэрэгцээг ханган Өөртөө ойртуулж, хайрын ариун сэтгэлээ батлан харуулдаг. Есүсийн үхэл ба дахин амилалтын улмаас Тэр өнөөдөр бидэнд шинэ амьдрал өгөхийг хүсдэг. Бид уучлагдаж, Бурханээр бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, мөн Бурханий чин үнэнч хайрыг амсаж чадна. Тэр айлдахдаа: “Би чамайг үүрдийн хайраар хайрласан, тиймээс би чамайг хайр энэрлээр татсан билээ”11 гэсэн. Энэ бол Өөрийгөө зориулж буй Бурхан.

Бурхан байдаг уу? Хэрэв та Есүс Христийг судалж мэдэхийг хүсч байгаа бол, бид танд “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болно.”12 гэж хэлэх байна.

Бурхан аугаа ч гэлээ таныг Өөрт нь итгэхийг албадахгүй. Харин оронд нь, биднийг сайн дурын үүднээс Өөрт нь хандаасай гэсэндээ Тэр Өөрийнхөө оршин байгаагийн баталгааг бидэнд хүрэлцэхүйцээр хангаж өгсөн. Нар ба дэлхийн хоорондох төгс зай, усны дахин давтагдашгүй химийн шинж чанарууд, хүний тархи, ДНХ, Бурханийг гэрчилж буй хүмүүсийн тоо, Бурхан байгаа эсэхийг мэдэх гэсэн оюун санаа ба зүрх сэтгэлийн зовиур, Есүс Христээр дамжин Өөрийгөө илэрхийлэх гэсэн Бурханий хүсэл. Хэрэв танд Есүсийн тухай болон яагаад Түүнд итгэх учиртайг илүү мэдэх хэрэгтэй байгаа бол Энэ үнэн үү? сэдвийг үзээрэй.

Та Бурхантэй харилцаагаа эхлүүлэхийг хүсч байна уу? Одоо ч болно. Энэ бол таны шийдвэр, ямар ч шахалт байхгүй. Гэвч та Бурханээр уучлагдаж, Түүнтэй харилцаатай байхыг хүсч байвал яг одоо та өөрийнхөө гэмийг уучлахыг болон таны амьдралд орж ирэхийг Түүнээс гуйж болно. Есүс: “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний амьдралд орж ирэх болно”13 гэж хэлсэн. Хэрэв та үүний адил Түүнд сэтгэлээ нээмээр байгаа бол танд энэ арга тус болох болов уу: “Есүс ээ, миний гэмийн төлөө амиа зориулсанд баярлалаа. Та миний амьдралыг, бас уучлагдах хэрэгтэйг минь мэднэ. Яг одоо намайг уучилж, амьдралд минь орж ирээч гэж би танаас гуйж байна. Би таныг үнэхээр хэн болохыг мэдмээр байна. Миний амьдралд яг одоо орж ирээч. Надтай харилцаатай байхыг хүсдэгт тань баярлалаа. Амен.”

Та Бурхантэй хувиршгүй мөнхийн харилцаа тогтоосон. Есүс, Өөрт нь итгэдэг бидэнд хандан, “Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй”14 гэж хэлсэн.

За, Бурхан байдаг уу? Эдгээр бүх баримтуудаас харахад хайрлагч Бурхан үнэхээр байдаг бөгөөд тэрээр сэтгэлд дотно, хувьчилсан байдлаар өөрийгөө хүмүүст мэдүүлдэг болохыг хэн ч баттай мэдэж болно. Хэрэв танд Есүсийн тэнгэрлэг чанар, эсвэл Бурханий оршин буй талаар, эсвэл үүнтэй төстэй чухал асуултууд байгаа бол бидэнд и-мэйл бичээрэй.

Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…

Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.

Надад асуулт байна…

Зохиогчийн тухай: Бурхан байхгүй гэж үздэг байсан Мэрилин Адамсон дотны найзынхаа амьдралын сайн сайхан байдал болон өөрийнх нь төлөө биеллээ олсоор байсан залбирлынх нь хариултуудыг үгүйсгэх нь үнэхээр хэцүү болохыг мэдсэн юм. Бурханий оршин буйг илэрхийлэх гайхмаар олон нотолгоо байдгийг найзаасаа олж мэджээ. Түүнээс хойш жилийн турш эргэлзсэний эцэст Бурханий саналыг өөрийн амьдралдаа хүлээж авахаар болжээ. Ингэснээр тэрээр Бурханий зөв болохыг ухааран, үүгээр ч зогсохгүй асар их ашиг тусыг хүртээдэг итгэлийг Ертөцийн Эзэний дотор олсон юм.

(1) Ром 1:19-21
(2) Иеремиа 29:13-14
(3) R.E.D. Clark, Creation (London: Tyndale Press, 1946), p. 20
(4) The Wonders of God's Creation, Moody Institute of Science (Chicago, IL). “Бурханий Бүтээлийн Гайхамшгууд” цуврал, Мүүдийн Шинжлэх ухааны институт (Чикаго, Илинойс).
(5) Дээрх эх сурвалжид бий.
(6) Дээрх эх сурвалжид бий.
(7) Дээрх эх сурвалжид бий.
(8) Иохан 8:12
(9) Иохан 14:6
(10) Иохан 14:11
(11) Иохан 31:3
(12) Иохан 3:16
(13) Илчлэлт 3:20
(14) Иохан 10:27-29

* Луис Пастевр (Pasteur- Louis) – 19-р зууны үед шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан францын химич, бактериологич эрдэмтэн. Тэрээр анхны вакциныг хийж галзуу, антракс, булчин задрах тахал зэрэг халдварт өвчнүүдийн эсрэг хэрэглэж байжээ(Britannica.com).

** Левис.К.С (Lewis.C.S.) – Английн алдарт эрдэмтэн зохиолч. Тэрээр 40 орчим номын зохиогч бөгөөд зохиолуудынх нь нэг болох “Chronicles of Narnia” буюу бидний мэддэгээр “Нарниагийн Түүх” гурамсан зохиолоороо олноо танигдсан. (Britannica.com).

Яаж Бурхантэй харилцаагаа эхлүүлэх вэ?