Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Бурхан хүмүүсийг хайрладаг юм бол тэднийг там уруу илгээж чадна гэж үү?

Асуулт: “Бурхан хүмүүсийг хайрладаг хирнээ яагаад тэднийг там уруу явуулахыг зөвшөөрдгийг сайн ойлгохгүй байна. Там болох мөнхийн зовлон уруу явуулахын учир юу вэ?”

Бидний хариулт: Үүнд хариулах хэдэн бодит санаанууд байна.

(1) Бурхан Өөрийнхөө оршин байгааг хүмүүст мэдүүлэх хангалттай баталгаануудыг өгсөн.

  • “…Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй.” (Ром 1:19-20)

  • “Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.” (Дуулал 19:1)

(2) Гэсэн хэдий ч хүмүүс Түүнийг мэдэхийг хүсдэггүй

  • “Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, үүрд магтагдах Бүтээгчийн оронд бүтээлд нь мөргөн, үйлчилжээ.” (Ром 1:25)

  • "Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй гэсэн." (Дуулал 14:1)

  • “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав.” (Исаиа 53:6)

  • ”Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ. Тэд хүн бүр гажиж, хамтдаа бузар болцгоосон. Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй.” (Дуулал 53:2-3)

  • “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно.” (2 Тимот 3:1-4)

(3) Тиймээс Бурхан хүмүүст хүссэнийг нь өгч байна

Бурхан бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг. (1Тимот 2:3-4). Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн тэдэнд тэвчээртэй ханддаг. (2Петр 3:9). Библи хэлэхдээ Тэр хүмүүсийг хүчилдэггүй гэсэн байдаг. Хүмүүс Өөрийг нь үгүйсгэхэд Тэр дургүй ч гэсэн, Өөрийг нь үгүйсгэх сонголтыг тэдэнд өгдөг. Бурхан бол хайр (1Иохан 4:16). Харин Тэр хүмүүст Түүний хайрыг үгүйсгэж, тэд гэм нүгэл дотроо байхыг зөвшөөрдөг.

Тэр өдөр Бурханы сэнтийн өмнө бүгд очих бөгөөд хүн бүр хийсэн үйлсийнхээ дагуу шүүгдэх болно (Илчлэлт 20:11-13). Хэрэв хэн нэгний нэр “Амийн ном”-д бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна. (Илчлэлт 20:15).

Бурхан Израйлчуудад, “Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Тиймээс амьдрахын тулд амийг сонговол амьдрах болно.” (Дэд хууль 30:19). Иймд, бид бүгдийн өмнө хараал эсвэл ерөөл, амь эсвэл үхэл, Бурханы хайр эсвэл уур хилэнг сонгох сонголт байна.

Энэ нь зарим хүмүүст Бурхан хайрлах, уурлах хоёр нь зэрэг байдаг юм шиг харагдаж болох юм. Гэсэн хэдий ч, Бурханы зан чанар нь бидний мэдлэгийн цаана буюу бидний мэдлэгээс ч даван гарсан байдаг. Бид үүнийг тодорхой ойлгож чадахгүй ч, Бурханы уур хилэн ба хайр нь хосолж байдаг юм.

Хэдийгээр бид үүнийг бүрэн ойлгож чадахгүй ч, Бурхан бидний өмнө сонголт тавьсан бөгөөд шийдвэр нь биднийх юм. Бурхан, Түүний уур хилэн ба шүүлтийг бид яг энэ агшинд биш ч гэлээ хүртэх болно гэдгийг хэлсэн. Есүс энгийнээр ийнхүү хэлсэн.

“… хэрэв та нар “Би байдаг” гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ” (Иохан 8:24). Гэхдээ Тэр, хүн бүрийг гэмшин, Түүн уруу эргээсэй гэж урьсаар байна, энэ агшинд ч мөн адил. Тиймээс бид Түүний ял шийтгэлийг хүртэхийн оронд Түүний хайр уучлал болоод Түүнтэй эвлэрэхийг сонгох сонголт нь танд байна. Есүс хэлэхдээ: “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг Илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив” (Иохан 5:24). Та Бурхантай харилцаа тогтоож, мөнхийн амийг хүлээн авахыг хүсвэл “Бурханыг хувьчлан мэдэх нь” сэдвийг үзнэ үү?

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP