Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Тэгвэл яагаад бузар муу юм тохиолддог юм бэ?

Стэйси Жэймс

Бузар муугаас үүдэн гарах томоохон асуудал бол "Бурхан яагаад үүнийг зайлуулдаггүй юм бол?” гэх асуулт юм. Хэрэв Бурхан үнэхээр дандаа сайн болоод төгс хүч чадалтай юм бол яагаад Тэр ямар нэг юм хийхгүй байна вэ?

Бүгдийн эхэнд, Бурхан бузар мууг бүтээгээгүй. Гэхдээ Тэр эдгээрийг тохиолдохыг зөвшөөрдөг. Тэрээр дэлхий ертөнцийг бүтээхдээ, бүгдийг сайн сайхнаар эхлүүлсэн. Бурхан, хүнийг сонгох эрх чөлөөтэйгөөр бүтээсэн. Энэ нь хүмүүс аливаа үйлд зөв ба бурууг сонгох эрх чөлөөтэй гэсэн үг. Ихэнхдээ бид буруу сонголт хийснээр өөрсдөдөө болоод бусдад зовлон шаналлыг авчирдаг. Заримдаа үүнд огт буруугүй нэгэн ч өртсөн байдаг.

Би коллежийн оюутан байхдаа нэг удаа ус уруу үсрэлт хийж байгаад эрэмдэг болсон. Бурхан надад ямар нэгэн хичээл заах эсвэл намайг шийтгэх гэж ус уруу түлхээгүй ээ. Би өөрөө л найзынхаа мөрөн дээрээс үсрэхийг сонгосон юм. Үүний үр дагавар нь хэн нэгнийг биш, харин би өөрийгөө л буруутгахаар тийм аймшигтай байдалд хүргэсэн.

Мэдээж, Бурхан бидний амьдралын сайн, муу бүх зүйлийг удирдаж хянаж чадах байсан бөгөөд хэрэв тэгсэн бол бид ердөө л робот шиг эрх чөлөөгүй байх байсан. Түүнчлэн Бурхан хүсвэл биднээр Өөрийгөө хүчээр хайрлуулж чадах ч хүчээр хайрлах нь жинхэнэ хайр биш. Бурхан бидэнд Өөрийг нь сонгох, эс сонгох, баяр хөөртэй амьдрах, сайныг ч мууг ч сонгох эрх чөлөөг өгсөн. Харамсалтай нь бид өөрсдийн болон бусад хүмүүсийн сонголтын үр үр дагавруудыг амсах ёстой болсон билээ.

Зохиолч C. Лэвис хэлэхдээ зовлон зүдгүүрийн 80 хувь нь хүн төрөлхтний бусармаг ёс суртахуунаас үүддэг гэжээ. Тэгвэл үлдсэн 20 хувь нь юу болж таарах вэ? Тэдгээрийг бид энэ газар дэлхий дээр үнэхээр ойлгож чадахгүй юм.

Юуны өмнө, Бурхан бол хайр ба зөв шударгын Эзэн. Энэ бол Сайн Мэдээ. Гэм буруугүй нэгэнд бүдрэх чулуу нь болж, буруу үйл хэргээсээ зугтах гэж оролдсон тэдгээр хүмүүсийн хувьд хийсэн сонголтынхоо үр уршигтай нүүр тулах цаг нь ирж байна. Бурхан бол бүгдийн Шүүгч юм. Бурхан хүн бүрийг хийсэн үйлдлийнх нь дагуу шүүх болно. “Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой.” (Еврей 4:13)

Хоёр дугаарт: Бурхан бидний зан чанарыг өөрчилж, илүү сайн хүн болгохын тулд биднийг бэрхшээлтэй тулгаруулдаг. Адил нөхцөл байдалд байгаа нэгэндээ туслах авьяас билэг бидэнд байдаг. Би хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тусламж үзүүлдэг. ( Бардам зантай байснаа өрөвч энэрэнгүй нэгэн болж өөрчлөгдсөний дараа) Бэрхшээлүүд нь бидний амьдралд юу нь чухал байдгийг олж харах хүч бөгөөд Бурхан уруу очих зам болдог. Энэ нь итгэл, хайр, халамж болон гэр бүл, анд найз нар маань бидний амьдралд ямар их үнэ цэнэтэй болохыг олж харах хүч юм.

Гуравдугаарт: Бурхан бидэнд гарцыг өгсөн. Ямар ч зовлон шаналалгүй цаг ирж, тэнгэрийн улсад хүмүүс гайхамшгийг харах болно. Бурхан Мөнхийн улсыг бүтээсэн бөгөөд тэнд ямар ч нулимс, өвчин, шаналал, үхэл гэж байхгүй. Хүмүүс Бурханы баяр баяслыг үүрд Мөнхийн улсад хуваалцах болно.

Эцэст нь: Бурхан халамжлагч. Бурхан бидэнд ямар ч асуудал бэрхшээлгүй амьдралыг бус, харин бидэнтэй мөнхөд хамт байх болно гэж амласан. Есүс Өөрөө хайр энэрэл, уй гашуу, өрөвдөх сэтгэл бүрийг мэдэрсэн бөгөөд зовж шаналсан нэгэнтэй соронз мэт ойрхон байдаг. Бурхан Өөрийн гайхамшигт хайраар бидэнтэй харилцаатай байхыг хүсдэг. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” (Иохан 3:16)

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP