Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Ижил хүйстэн болохоо мэдсэн минь

Жеймс Паркер

Би нэгдүгээр курст байсан санагдаж байна. Нэг удаа хичээлээ тараад гэртээ орж ирээд ээжтэйгээ мэндэлчихээд, их өлссөн байсан тул ямар нэг зүйл олж идэхээр яарч байтал ээжийн үзэж байсан зурагтын нэвтрүүлэг миний анхаарлыг татсан юм. “Өнөөдөр бид өөрсдийгөө гомо гэдгийг үргэлж мэддэг байсан гомо хүмүүстэй уулзах болно” хэмээн нэвтрүүлэгч зарлан хэлэв.

Би шарсан төмс зажлангаа тэр сэдвийг сонирхохгүй байгаа мэт байдал харуулсан ч дотроо бол сонирхож байсан юм.

Би үргэлж эрэгтэй хүмүүсийн бие галбирыг харах дуртай байсан санагддаг юм. Мэдээж надад найз охид байсан л даа. Заримдаа тэдэнтэй “бужигнуулж” өгдөг үеүд ч байлаа. Гэсэн хэдий ч миний хувьд биеийн тамирын хичээлийн дараа эрчүүдийн шүршүүрийн өрөөнд байх нь надад хавьгүй илүү санагддаг байв.

Би гомо юм болов уу?

Телевизийн тэр нэвтрүүлгийг үзэх зуур миний дотор “Би гомо юм байх даа? Би үргэлж гомо байсан болж таарах нь ээ” гэсэн бодлууд эргэлдэж, өөрөө өөртэйгөө тэмцэлдэж эхэлсэн юм.

Энэ цагаас хойш бүтэн найман жилийн турш миний бэлгийн харилцааны хандлагатай холбоотой зуу зуун асуултууд намайг зовоож ирсэн. Коллежид байх тэр үед би долоо хоногт 4-5 удаа гомочуудын садар самуунтай кинонууд үздэг байв. Таван настай байхдаа хөрш найз Брайнтай үргэлж нэг тал болж тоглодог байсан. Харин дунд сургуульд байхад миний найз Тайлэр манайд ирж, хамт хоноход түүний бие надад хүрэхэд их тааламжтай санагддаг байсан юм. Энэ бүгд миний санаанаас ерөөсөө салдаггүй байлаа.

Коллежид ороод, өөрийнхөө бэлгийн хандлагыг таньж мэдэх үедээ сүнсний амьдралынхаа хувьд ч бас тэмцэлдэж эхэлсэн. Тиймээ тийм.., миний ээж аав болон энэ дэлхийгээс “ижил хүйстэн байх нь гэм нүгэл” гэх мэдээллүүд надад байнга ирдэг байлаа. Мэдээж, үүнийг буруу гэдгийг би мэднэ. Тиймээс ч өөрт тулгараад байсан дотоод тэмцлийнхээ талаар хав даран, нууцалж, хэзээ ч, хэнд ч нээж ярихгүй байхаар шийдсэн байлаа.

Гэтэл коллежид байх хугацаанд миний тэр “хав дарах” арга маань нэмэр болсонгүй. Би бүр их ганцаардаж, өдрөөс өдөрт улам бүр сэтгэлээр унах болов. Миний найзууд цөөрч бас нөхөрлөл маань утгаа алдаж эхэлсэн юм. Намайг ямар ч нөхцөл байдалд байгаагаас үл хамааран, хайрлах хэн нэгэн л надад хэрэгтэй байсан юм.

Гажуудал

Амьдралын маань хамгийн гутамшигтай өдөр бол 2002 оны 11-р сарын 11-ний шөнө байсан. Тэр орой миний хуучны танил Майк намайг хамт шар айраг ууж хоноё гэж урилаа. Нэг шил шар айраг ууж эхлээд, цаашилсаар бүр долоон шилийг уув. Энэ байдал маань намайг Майктай бэлгийн харилцаанд ороход хүргэсэн байлаа. Шөнийн 2:34 минутад би танихгүй айлын орон дээр шартсан байдалтай сэрсэн юм. Яг тэр мөчид би үгээр илэрхийлэхийн аргагүйгээр өөрийгөө бузар заваан болсноо бас буруу зүйл хийсэн гэдгээ мэдсэн. Би энэ дэлхийн хамгийн бохир заваан хүн байна гэж өөрөөсөө жигшиж байлаа. Би үхэхийг хүссэн. Бүр яаж үхэхээ хүртэл бодчихсон байсан.

Би гэртээ харьж, унтлагын өрөө уруугаа мөлхөх шахам ороод, хаалгаа түгжин, бүтэн хоёр өдөр өрөөнөөсөө гаралгүй уйлж өнжсөн юм. Эцэстээ би хаашаа хэнд хандахаа мэдэхгүй нэг л мэдэхэд утсаа аван залуучуудын пастор Тодд уруугаа залгасан байлаа. Яагаад түүн уруу залгасан юм бүү мэд. Магадгүй ядаж л тэр намайг сонсох байх гэж бодсон байх л даа.

Тэгээд би өнгөрсөн хугацаанд туулж ирсэн бүхнээ түүнд тоочин ярьсан. “Тодд, би гомо юм шиг байнаа. Миний дотор юу болоод байгаагаа тантай ярилцаж болох уу?” гэж яриагаа эхэлсэн юм. Ингэж би 21 жилийн турш өмсөж ирсэн багаа тайлсан маань тэр байлаа. Намайг хагас цаг орчим ярьсны эцэст тэр нэлээд удаан юу ч ярихгүй нам гүм болчихов. Тэгээд Тодд “Тэгэхээр ийм байнаа…” гэхэд нь би дотроо “Миний ямар гэм буруу хийснийг минь тэр одоо надад тайлбарлах нь дээ , мэдээж түүний зөв л дөө” хэмээн бодож байв.

Тодд хоолойгоо засан “Ээ Жеймс минь намайг үнэхээр уучлаарай” гэж хэлэхэд нь би “ Юу гэнээ??? Яасан гэж уучлал гуйж байгаа юм бэ??” хэмээн асуухад Тодд үргэлжлүүлэн “энэ олон жилийн турш чи энэ бүхэнтэй ганцаархнаа тэмцэлдэж ирсэн байна шүү дээ. Намайг үнэхээр уучлаарай” гэж хэлсэн.

Шинэ найдвар

Тэр намайг шүүсэнгүй, буруутгасан ч үгүй харин зүгээр л хайрласан юм. Үнэхээр үүнийг л би хүсч байсан юм. Тодд надад “Би чамайг энэ хүнд бэрх зүйлийг давахад чинь чамтай хамт байхаа амлаж байна. Чиний юуг хайрлаж шохоорхдогоос чинь үл хамааран, би үргэлж чиний талд байх болно гэдгийг чамайг мэдээсэй гэж би хүсэж байна” гэж хэлсэн. Түүний хоолойн өнгөнөөс үзэхэд тэр үүнийгээ үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байлаа. Утсаа таслахаас өмнө Тодд надад “Жеймс, чиний амьдралд тохирно гэж бодож байгаа нэг үг надад байна. Юу гэвэл НАЙДВАР гэлээ. Найдвар аа? Та тоглож байгаа байлгүй! Миний юу хийснийг мэдээгүй гэж үү?

Тодд бид хоёр тэр өдрөөс хойш хоёр долоо хоногийн турш өдөр бүр тасралтгүй ярилцах цаг гаргадаг болов. Тэр надад Бурханы хайр, уучлал, үнэн мөн нигүүлслийн тухай ярьж өгөв. Энэ талаар би жаахан байхдаа олонтаа сонсож байсан хэдий ч энэ удаад энэ бүхний сүнслэг зүйлс надад арай илүү ойлгогдож байсан юм.

Бурхан бол хуучирсан үзэлтэй, түшлэгтэй сандалд суусан Нэгэн биш, харин маш энгийн бөгөөд хувьчлан харилцдаг Нэгэн байжээ. Тэр миний энэ байдлаас айгаагүй. Мөн намайг юун дундуур явж ирснийг ч Тэр сайн ойлгож байж. Тодд надад Матай 4-р бүлгээс “Есүс бүхий л байдлаар соригдсон юм” гэсэн ишлэл харуулсан юм. Есүс миний юунд уруу татагддагийг, бас миний шаналал…бүр ижил хүйстэн байдлыг маань хүртэл ойлгодог гэсэн үг үү? “Бурхан миний хийж байгаа зүйлийг хараад, гайхаж алмайраагүй гэж үү?” гэж би Тоддоос асуусан юм. Тодд “Чиний амьдралдаа үйлдэж байгаа энэ гэмийн чинь л төлөө Есүс Христ ирж нас барсан шүү дээ. Чи Христийг ижил хүйстэнтэй явалдахаас бусад гэмийн төлөө л ирсэн гэж бодоогүй биз дээ?” гэв. Би үнэндээ тэгж бодохгүй л байна л даа. Гэхдээ миний сайн гэгч нь хав дарж нуусан байсан тэр бүх нууцуудыг Бурхан мэддэг гэж бодож байсангүй. Тэгэхээр миний амьдралд жаахан ч гэсэн найдвар байгаа юм болов уу?

Бурханыг төсөөлж байсан миний таамаглалуудаас тэс өөр бодлуудыг Тодд надад таниулсан юм. Тодд Библиэс Бурхан Өөрийнхөө тухай өгүүлсэн хэсгүүдийг харуулахад миний Бурханы талаар бодож байсан зүйлс бүгд худлаа байсныг мэдэв. Дэлхий надаас татгалзсантай адил надаас татгалзахыг хүссэн муу Нэгэн биш байжээ. Харин Тэр уурлахдаа удаан, хайр энэрлээр дүүрэн, энэрэнгүй, нигүүлсэнгүй Бурхан1 байсан ажээ.

Тэдгээр ярианы хаа нэгтээ би өөрийгөө Есүстэй ойр дотно болсноо мэдсэн юм. Бурхан бол хатуу чанга биш харин Өөрийгөө Библид аль болох ойлгомжтойгоор илэрхийлсэн болохыг ойлгов. Үнэндээ тэрнээс ч илүү. Бурхан миний талаар идэвхгүй дундыг баримталсан байдлаар биш, харин ижил хүйстэн надтай харилцаатай байхыг хүсэж байсан байна. Есүс “Эцэж туйлдсан хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн”2 гэсэн ажээ. Бурхан надтай харилцахыг хүсэж байгааг би ойлгосон юм. Есүст хандан би өөрийн бүх гэмийг уучилж, намайг ямар хүн байгаасай гэж хүсэж байна түүн шигээ болгож өгөөч хэмээн залбирсан юм.

Христийг амьдралдаа урьж залбирсны дараа ёслолын буудлага хэн нэгэн буудах гэх мэт ямар нэгэн гэнэтийн гайхалтай зүйл болоогүй ч Тэр миний зүрх сэтгэлд үнэхээр өөрчлөлт хийсэн юм. Дараагийн хоёр жилийн хугацаанд би Есүстэй хамт зүрх сэтгэлийг маань эдгээх замаар туулан гарсан юм. Үнэхээр би ганцаараа байсангүй. Энэ бүхэнд итгэл, найдвар надтай хамт байсан.

Бурхан, надад өөрийгөө үзэх үзлийн талаар илүү зааж өгч, миний хүүхэд байхаасаа л бэлгийн харилцааны буруу хандлагаас болж зовж байсан шаналлаас намайг эдгэрэхэд тусалсан бөгөөд улмаар би өөрийгөө дотроосоо цэвэр ариун болсноо мэдэрсэн юм. Бурхан надад дутагдаж байсан хайрыг дүүргэн өгсөн. Тэр, миний үргэлж мөрөөдөж ирсэн зүйл болох эрчүүдтэй нөхөрлөх жинхэнэ нөхөрлөлийг надад өгч, намайг бүрэн бүтэн шинэ хүн болгож өөрчилсөн юм. Есүс миний амьдралыг өөрчилсөн хэвээр би цааш үргэлжлүүлэн явсаар байсан төдийгүй энэ бүхнээс илүү намайг ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрлан, хэзээ ч орхидоггүй тэр Нэгэнтэй би харилцаатай болсон байлаа.

Миний дотор, надаар дамжуулан амьдарч байгаа Бурханы тусламжтайгаар би эцэстээ гомо байх хэвшлийг орхих сонголтыг хийсэн юм. Энэ бүхэн ганцхан өдрийн дотор л болчихоогүй юм. Би одоо гэрлээд 7 сар болж байна. Эхнэртэйгээ харилцах харилцаа маань эрэгтэй хүнээс мэдэрч байсан ямар ч зүйлээс илүү, бүр хамаагүй илүү дотно байгаа. Би эхнэртэйгээ харилцах энэхүү харилцаагаа энэ дэлхийн юугаар ч сольж чадахгүй болсон.

Надад бас таван эрэгтэй найз байгаа бөгөөд энэ бол энгийн сайхан нөхөрлөлийн харилцаа юм.

Өнгөрсөн жилүүдэд би гомо байдалтайгаа тэмцэлдэж байгаа маш олон оюутнуудтай уулзсан. Би тэдэнд нэг л зүйлийг хэлдэг нь “Хэрвээ энэ дэлхий, эсвэл гэр бүл чинь, сүмийнхэн, бас хууль тогтоогчид чамаас татгалзвал, Есүс энэ дэлхий дээр гадуурхагдсан олон хүмүүстэй нөхөрлөдөг байсныг санаарай. Бүгдэд зориулсан Түүний урилгыг сонсооч: Цөхөрч сульдсан бүгд Над уруу ирэгтүн.”

Жинхэнэ хайрын харилцаа

Есүст итгэн, Түүнийг хүлээж ав. Тэгвэл та үргэлж мөрөөддөг байсан хайрын харилцааг олж авах болно.

Зарим чинь “Яагаад Бурханд найдаж болно гэж? Тэр тэгээд миний амьдралд үнэхээр найдвар өгч чадна гэж үү?” гэж асууж байж болох юм. Библи дээр “тиймээ, яг тийм” гэж итгэл дүүрэн хариулсан байдаг. Доорх гурван хүний амьдралд Бурхан хэрхэн нөлөөлсөн тухай Библийн жишээг авч үзье.

Сара: Энэ эмэгтэйд ямар ч найдвар байхгүй байсан юм. Сара хүүхэд төрүүлэх боломжгүй байсан ба энэ нь тухайн нийгэмд маш их ичгүүрт байдалд тооцогддог байв. Сара нөхрийнхөө удмыг залгамжлуулж чадахгүй болох төдийгүй бүх буруу нь түүнд тохогдох ёстой байсан юм. Энэ бол мэдээж хэцүү. Хэдийгээр Бурхан түүнд хүүхэд өгнө гэж амласан хэдий ч Сара хүлээж тэвчээгүй юм. Бурханыг хүлээхийн оронд, тэр нөхцөл байдлыг өөрчлөн өөрсдийн зарц бүсгүйгээ “орлогч эх” болгож, нөхрөө түүнтэй унтуулжээ. Бурхан Сара дээр нигүүлсэнгүйгээр очиж, түүнд хүүхэд өгөхийг дахин амласан ч Сара Бурханыг шоолон инээж байсан. Гэсэн ч энэ бүгдээс үл хамааран, Бурхан амлалтаа биелүүлсэн юм. Бурхан түүнд хожим Есүсийн өвөг эцэг болсон Исаакийг өгдөг билээ (Сарагийн түүх Библийн Эхлэл номын 11-25-р бүлэгт гардаг). Бурхан найдвараа алдсан хүмүүст найдварыг өгдөг.

Давид: Алуурчин! Завхайрагч! Хулчгар эр! Урвагч ! Худалч! Энэ бүхэн Давидыг нэрлэж болох нэрс байсан ба эдгээр нь ч түүнд яг тохирч байсан ажээ. Давидын амьдрал бол одоогийн орчин үеийн савангийн дууриудаас ч дор байдалтай байсан. Гэвч Бурхан түүнийг “миний зүрх сэтгэлийн дагуух хүн” гэж дуудсан юм. Яагаад тэр юм бол? Давид энгийнээр Бурхан уруу ирж “Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч. Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач. Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, нүглээс минь намайг цэвэрлээч. Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг. Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ”3 хэмээн өчин хэлжээ. Ингээд үүний хариуд Бурхан түүний найдваргүй амьдралд нь найдвар авчирсан юм.

Паул: Түүний амьдралын цорын ганц зорилго нь шашны итгэл үнэмшлээ дагаагүй хэнийг ч болов алж хороох байлаа. Тэр, хүмүүсийн гэрт хүчээр дайран орж, тэднийг шоронд аваачиж хийдэг байв. Эрх мэдэл, байр сууриа ашиглан бусдыг хавчин зовоож, үхэхээр яллагдаж чулуугаар шидүүлэн үхэж буй хүмүүсийг харж зогсдог байв. Харин Есүс түүнд нэгэн үг дамжуулж хэлсэн нь түүний амьдралын чиглэлийг эргүүлж орхив. Паул өөрийн хуучин амьдралаа “Бурхангүй ба энэ дэлхий дээр найдваргүй” хүмүүсийн адил байсан гэж дүрслэн хэлсэн. Паул үргэлжлүүлэн “Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн, махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ”4 гэж хэлжээ.

Бидэнд байдагтай адил, Бурханд ч “тэмдэглэл” бий. Харин биднийхээс ялгаатай нь Бурханы бичээс бол гайхамшигтэй дэс дараатай. Бид Библийг эхнээс нь дуустал уншихад нэгэн баттай ойлголтод хүрдэг билээ. Бурхан ямар ч боломжгүй байдалд найдварыг бий болгодог. Бид Түүнд найдсанаар сэтгэлээр унаж гонсойх зүйл гардаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан, Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.5

Хэрэв, та Бурхантай хэрхэн харилцаж эхлэх тухай мэдмээр байвал Бурханыг хувьчлан танихуй хэмээх сэдвийг үзнэ үү?

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?

Зүүлт: (1) Иона 4:2 (2) Матай 11:28-30 (3) Дуулал 51:1-4 (4) Ефес 2:3-5, 13 (5) Ром 5:5

ХУВААЛЦАХ:  

TOP