Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Гадуурхал ба эдгэрэл

Гадуурхагдсанаас болж өөрийгөө үзэн ядаж, сэтгэлийн дарамтад ордог. Тэр үүнийг ер бусаар ялж чадсан…

Тайлор Перкинс

Жигшмээр, тохуурхсан инээд тасралтгүй сунжирсаар л... Ууртай, цоргисон харц. Гадуурхагдсан, айсан, хаягдчихсан гэдгийг чинь ясанд чинь тултал мэдрүүлэх тэр хүйтэн мэдрэмж. Эсвэл магадгүй биеийг чинь чимж буй таны өөртөө учруулсан шархны ил тод сорвинууд таныг зөвхөн шархалсан нэгэн гэдгээс өөр юу ч мэдрэх боломжгүй болгож байгаа байх.

Магадгүй та дээрх бүх адгын бодлуудтай танил, эсвэл бүр тэдгээрт эзэмдүүлчихсэн ч байж магад. Санаа зоволт, түгшүүр, айдас, өөрийгөө үзэн ядах, өөрийгөө шархлуулах, сэтгэц мэдрэлийн шаналгаа, сэтгэл гутрал, найдваргүй, тусгаарлагдмал гэх мэт жигшмээр муухай сэтгэлийн өвчнүүдийг бид ямар нэг хэмжээгээр амсаж үзсэн байдаг.

Би арван гурван настайдаа ийм зүйлийг амсаж байлаа. Магадгүй энэ нас хэтэрхий жаахан мэт санагдаж болох ч, өнөөгийн энэ дэлхий дээр чухам юу болж байгааг мэддэг хүмүүсийн хувьд энэ бол энгийн үзэгдэл гэдгийг тэд ойлгох байх. Би амьдралынхаа ихэнх хугацаанд гэрээр хичээл заалгаж байгаад долдугаар ангиасаа эхлээд бусадтай ижил улсын сургуульд явж эхэлсэн. Хангалттай сайн хайр, хамгаалалт дор өссөн болохоор дунд сургуульд орох үедээ бусад бүх л өсвөр настнуудын нэг адил гадуурхаж гологдох ямар байдгийг огтхон ч мэдэхгүй, өөртөө бат итгэлтэй нэгэн байв. Би өөрийн дутагдал, өө сэвийг огтхон ч тоодоггүй, байгаа газартаа өөрийгөө борлуулаад л явж байдаг байлаа. Одоо бодоход, тэр байдал маань намайг тэдний хувьд төгс бай буюу чононуудын дундах хонь болгож байсан аж.

Улсын сургуульд ороод ямар байх талаар хүсэж мөрөөддөг зүйлс надад байсан. Би хүссэнээрээ олон найз нөхөдтэй болж, амралтын өдрүүдээр найзуудтайгаа хос хосоороо кино үзэж, сургуулийн коридороор алхах үед үеийнхэн маань бишрэн бахадсан харцаар харна…(өөр ямар нэг дэврүүн төсөөллүүд байвал энд бичиж болно) гэх мэтчилэн. Энэ хүсэл мөрөөдөл маань хэдхэн жил л үргэлжилсэн бөгөөд миний өөрийгөө үнэлэх үнэлэмж сүйрэлд өртөж, өөрийнхөө талаар бодох бодлууд маань далайд төөрч одсон юм. Бахдан хүндлэгдэх биш харин үзэн ядагдаж байна гэдгээ мэдрэх нь намайг хамгийн гүн шархлуулж байв. Хүмүүс надад атаархахын орон харин доог тохуу хийж байлаа.

Би хэн болох, өөрийгөө хэн гэж бодох минь зөвхөн үеийнхний маань миний талаар хэлж буй үг, бодож буй бодлоор тодорхойлогдож байсан юм. Хэрэв та өсвөр насны охид ер нь ямар байдгийг жоохон ч гэсэн мэддэг бол, тэд намайг ямар гайхалтай охин болохыг огтхон ч хэлдэггүй байсан гэдгийг ойлгох байх. Өө сэв бүрийг минь нүүр уруу минь шидэж, хувийн дутагдалтай тал бүрийг минь миний эсрэг зэвсэг болгон ашигладаг байсан.

“Хүүхдүүд зэрлэг шүү” гэж нийгэм зөвтгөнө. “Энэ ч хэцүү нас шүү” гэж сэтгэл зүйн зөвлөгч нар тайлбарлана. Гэвч эдгээр үгс нь гадуурхал бол зүгээр л амьдралын тодорхой нэг үед тохиолддог үзэгдэл гэх санааг илүү их түгээхээс цаашгүй. Муугаар хэлүүлж, ад шоо үзэгдэнэ гэдэг чинь зүгээр л өсвөр насны амьдралын нэг хэсэг, царай муутай, бүдүүн, дургүй хүрэм нэгэн гэх зэргээр дуудуулах нь машин жолоодож сурахтай л ижил дамжин өнгөрөх ёстой нэг зүйл гэж тэд хэлдэг.

Гэвч гадуурхагдсанаас болж үүсдэг жинхэнэ нөлөөг би энд хэлье. Таныг мартаж орхисон мэт санагдана. Багаар ажиллах даалгавраа хийхийн тулд хамтрагчгүй үлдэх тэр хүүхэд болохгүйн төлөө та залбирах болно. Хичээл орохыг хүлээх зуур, бусад бүх хүн чамайг шоолон, хөхрөлдөхийг сонсон ганцаар зогсохгүйн тулд чи хонх дуугарах хүртэл угаалгын өрөөнд зогсох хэрэгтэй болдог. Утас дуугарах үед хэн юу гэж тохуурхах бол гэсэн айдсаас болоод чи утсаа ч авахаа болино.

Гадуурхалын шарх нь өнгөрсөнд болсон таагүй дурсамжаас хавьгүй илүү ихийг агуулдаг. Энэ бол яг одоо болж буй бодит зүйл бөгөөд тэр залуутай ярьж төвөг удах талаар санах ч хэрэггүй хэмээн таныг ятгах үүрдийн найз, тас харанхуй хамтрагч юм. Энэ бол чамд харах сайхан зүйл юу ч байхгүй учраас толины хажуугаар өнгөрөхөө боль хэмээн сануулдаг тэр шивнээ юм. Энэ бол өөрийн гараар өөрийгөө өвтгөж гэмтээ хэмээн таныг ятгадаг тэр харанхуйн нөлөө юм. Гадуурхалын шарх маш гүн гүнзгий үлддэг.

Би олон жилийн туршид эдгээр бодлуудыг тээж ирсэн. Би улсын сургуулиас гарч дэлхийгээс нуугдан амьдрах болсон. Гэвч өөрийн доторх муу бодлуудаасаа зайлж чадахгүй гэдгээ би ойлгосон. Чи өөрөөсөө нуугдаж үл чадна. Амьдралын аль ч хэсэгт байсан, тэр үеэс хойш хэр хол аялсан гэдгээс үл хамааран бид шархалсан сэтгэл хэмээх найзаа тээсээр явдаг.

Тэр ч бүү хэл одоо ч хүртэл би хүнд ачааг тээсэн хэвээр байна.

Үл уучлал ба гомдлын үндэс миний сүнсэнд гүн шигджээ. Үнэндээ тэр үед миний байгаа байдлыг бүхэлд нь хамгийн сайн тодорхойлох үг бол үзэн ядалт байсан байх. Зөвхөн өөрийгөө үзэн ядаад зогсохгүй, надад хутга зоосон хүмүүсийг, тэр хутгыг зоолттой байхад нь мушгиж эргүүлсэн хүмүүсийг би үзэн яддаг байсан. Гэр бүлийнхнээ, танихгүй хүмүүсийг ч хүртэл. Хэзээ ч уулзаж байгаагүй хөөрхөн охидыг, хэзээ ч танилцахыг хүсэж байгаагүй олны танил хөвгүүдийг ч бас.

Би өнгөрснөөс болоод маш тайван бус бөгөөд хорсол зэвүүцэлдээ бүрэн автсан байсан тул урдах амьдралаа бүр мөсөн сүйрүүлж байв. Үнэндээ намайг хүрээлэн буй харанхуй хэтэрхий хүчтэй байсан тул би дахиж хэзээ ч гэрлийг харж чадахгүй мэт санагддаг байсан. Хэзээ ч дахин өөртөө итгэлтэй болж чадахгүй байх.

Гэвч илүү хүчирхэг Нэгэн байсан бөгөөд энэ бүгдийг туулах үед минь Тэр надаас нэг ч удаа харцаа салгаагүй аж.

Нэг өдөр, ахлах сургуулийн төгсөх ангид байх үедээ, зочны өрөөндөө телевизор үзэж суугаад нэгэн номлогчийн сэтгэл хөндсөн сургаалыг сонссон юм. Тэр хүн дайснаа уучилж, үзэн ядалтаасаа ангижрах нь ямар чухал болох талаар ярьж байв. Эдгээр үгс миний анхаарлыг татсан. Хэлэхэд яасан эвгүй зүйл вэ энэ чинь?

Ямар ч утгагүй юм ярихын, гэж би бодсон. Гэхдээ орчин үеийн технологижсон цагийн хүүхдийн хувьд би Гүүглээс бүхнийг хайж олох гэдэг хүслээ дагасан юм. Тэр хайлтынхаа явцад Библи дээр Есүсийн дагалдагч нарын нэг нь Түүнээс асуусан нэгэн сонирхолтой асуулт гардаг болохыг олж мэдэв. Түүний дагалдагч нь бид дайснуудаа хэдэн удаа уучлах ёстойг мэдэхийг хүссэн. Долоон удаа гэвэл хангалттай биш гэж үү гэж тэр хэлэхэд Есүс түүнд “дал дахин долоон удаа” хүмүүсийг уучил буюу хязгааргүй уучил гэж хариулсан юм. Надад тэр санаа таалагдаагүй учир би нэг их тоолгүй орхиод өөрийн дуртай зүйлсээ хийж эхэлсэн юм.

Харин маргааш нь би чихэвч зүүчихсэн ээжийнхээ машинд суугаад явж байв. Түр зуур толгой өндийлгөн хартал машины хөгжмийн дэлгэц дээр тухайн үед явж байсан дууны дугаар болох “7х70” гэсэн тоо байв. Бурхан миний амьдралыг аврахын тулд ердөө ганцхан шивнэхэд л хангалттай байж.

Тэр шөнө би гэртээ хариад олон жилийн дараа анх удаа Бурханд дуулгавартайгаар үйлдсэн. Эхлээд би бага зэрэг харуусаж байв. Итгэхгүй байх л даа. Би Христ итгэлт гэр бүлд өссөн боловч олон жилийн туршид Бурханаас алс хол байв. Тийм олон жил чив чимээгүй байсны эцэст надад өгч байгаа анхны даалгавар энэ гэж үү? Намайг шархлуулсан төдийгүй уучлалт ч гуйгаагүй хүмүүсийг уучил гэж үү? Дотор минь байгаа уур хилэн, өшөө хорслоо би орхих ёстой гэж үү? Боломжгүй хэрэг.

Гэвч өөрөөр яах ч билээ. Миний аз болоход Бурхан боломжгүй зүйлсийг хийхдээ гаргууд аж. Тэр шөнө би зүрх сэтгэлдээ тооцоо бодохоор занасан байсан бүх хүнийг ухамсартайгаар уучлах сонголт хийсэн юм. Эхлээд энэ бүхэн яг л робот үйлдэл хийх мэт, гаргасан жагсаалтын дагуу нэг бүрчлэн хийгдэж байв. Харин тэр үед Бурхан миний зүрх сэтгэлд хүчтэй бөгөөд идэвхтэй ажиллаж эхэлсэн бөгөөд тэр жагсаалтын төгсгөлд очих үед би шинэ хүн болчихсон байлаа. Даахын аргагүй хүнд гинжнээс сүнс минь чөлөөлөгдөн хөнгөрсөн мэт надад санагдаж байсан бөгөөд би өөрийн эрхгүй өвдөг сөгдсөн. Миний өөрийнхөө төлөө хэзээ ч хийж чадахгүй тэр зүйлийг Бурхан миний төлөө тэр мөчид хийж өгсөн юм. Тэр шөнө Бурхан намайг чөлөөлсөн.

Тэр таны төлөө ч бас ижил зүйлийг хийж өгч чадна. Тэр таны төлөө үүнийг хийхийг хүсдэг.

Та хаана ч байсан Тэр таныг олж очиж чадна. Та өнгөрсөнд амссан хүчирхийллээсээ болоод одоо хүртэл шаналж байгаа оюутан ч байж магадгүй. Та сонирхолгүй, хайр татам бус, сайхан биш хэмээх бусдын хэлсэн үгээр өөрийгөө тодорхойлсон эмэгтэй ч байж болох. Эсвэл та өөрийгөө хэтэрхий хол явж, хэтэрхий их муу зүйл хийсэн гэж бодож байж магадгүй. Магадгүй та бүх зүйлсээ сэтгэлдээ нуугаад, харанхуйд ганцаараа уйлж, таныг сүйрсэн нэгэн мэт харагдуулдаг биеийн хэсгүүдээ халхлан суугаа ч байж болох юм.

Та хэн ч бай, хаана ч байсан бай би тэр газарт байж үзсэн гэдгээ танд хэлмээр байна. Би өөрийнхөө хувьд Там дундуур алхаж үзсэн. Би уйлж, зовж шаналж, худал үгсэд итгэж үзсэн. Би өөрийн төрөлх дүр төрхөө мартах хүртэл тоо томшгүй олон дүрд хувирч үзсэн. Бүх зүйлийг өөрчлөх ганцхан үнэнийг олж нээхийн тулд энэ бүхнийг би хийдэг байсан. Энэ бүхнээс илүү агуу Нэгэн бий. Түүний нэр бол Есүс.

Гүн цооногийн ёроолоос ч Тэр таныг олдог. Олны дунд ганцаараа зогсох тэр үед чинь Тэр таныг хардаг. Угаалгын өрөөнд татуурганы ир бариад зогсож байх үед чинь Тэр таныг зогсоодог. Зүрх чинь хамгийн гүн шархалж өвдөх тэр үед Тэр таныг эдгээдэг. Сүнс чинь амар тайван бус байгаа тэр хэсэгт, хэтэрхий олон худал хуурмагаас болж гэрэл нь бөхсөн байх тэр мөчид, Тэр таны жинхэнэ хэн болох талаар үнэнийг шивнэн хэлдэг.

Миний хувьд, Есүст надад үнэнийг хэлэхийг зөвшөөрсөн мөчөөс эхлээд л жинхэнэ эдгэрэл явагдаж эхэлсэн. Хамгийн түрүүнд миний ойлгосон зүйл бол би хэзээ ч өөрийгөө бүтэн болгож чадахгүй гэдэг үнэн байв. Харанхуйг өөрөө ялах хүч надад хэзээ ч байгаагүй. Миний сэтгэл хүндээр өвчилсөн байсан бөгөөд энэ өвчинд маш бодитой ерөндөг шаардлагатай байсан юм. Бидний бие вирусийн халдвар авах үед бид тохойндоо шархны лент наачихаад удахгүй эдгэрчих байх гээд орхидоггүй шүү дээ. Үүний нэгэн адил, дотроос минь гадагш эмчлэх эмчилгээний төлөвлөгөөг хайж олохгүйгээр өвдөлтөөсөө салах талаар төсөөлөх ч боломжгүй байсан юм.

Тэр өдөр Бурхан намайг олж, надтай ярих үед миний цаг үргэлж хайсаар ирсэн сэтгэлийг минь эдгээх эмч бол Есүс гэдгийг би ухаарсан. Түүний дөлгөөн зөөлөн ятгалга, тусламжтайгаар би тэднийг уучилж чадсан. Тэр миний сэтгэлийг бүрэн эдгээж, шархыг минь хайраар угааж, эцэж сульдсан ясыг минь тэнхрүүлсэн билээ.

Хэр хөөрхөн, хэр олон найзтай, ямар машин барьдаг эсвэл бусад хүмүүс миний талаар юу ярьж байна гэдгээс үл хамааран намайг хүлээн авч болзолгүйгээр хайрлаж байгаа хайрыг би олж мэдсэн. Зүрх сэтгэлийн минь гүнд байгаа тэр дүр төрхийн дагуу намайг хүлээн авч хайрлаж байгаа хайрыг би олсон. Миний бүх онцлог шинж, зан чанар, сонирхол, бодол, хүсэл мөрөөдөл болон бэлэг авьяасыг Бурхан мэддэг бөгөөд тэдгээрийн нандигнан хайрладаг. Тэр үед Библид ийм нэг үг байдгийг би олж мэдэж билээ: Тэр “миний бүх замуудыг мэддэг” (Дуулал 139:3).

Миний хэн болох талаарх үнэн, мөн намайг ямар их хайрлаж байгаа талаарх үнэнээс өөр юу ч намайг аварч чадахгүй байсан юм. Цаашид би бусад хүмүүс миний талаар юу гэж бодож байгаа бол гэж санаа зовохоо больсон. Учир нь орчлонг захирагч Бурхан надад санаа тавьдаг. Бусдын миний эсрэг хийсэн зүйлсээс болж тэдэнд хорсохоо би больсон. Учир нь миний төлөө тулалддаг хүчирхэг Хамгаалагч надад бий. Мөн би цаашид өөрийгөө болон бусдыг үзэн ядах сэтгэлийн боол байхаа больсон. Учир нь бүхнийг өөрчлөгч хайр намайг мөшгөсөөр байдаг.

Хэрвээ намайг туулсан амьдралаасаа нэг л зүйлийг авч үлд гэвэл тэр нь Бурханы амьд, бодитой бөгөөд няцдаггүй хайр байх болно. Таны зүрх сэтгэлийг эргүүлэн авч, мутрынх нь дор хамгаалагдсан гэрт тань буцаан авчрахын тулд Тэр ямар ч саадыг давж, ямар ч үнэ төлөөсийг төлөх болно. Гадуурхагдсаны үр ашиг гэж үү? Би эрх чөлөөг олсон.

“Намайг хардаг Нэгэнийг би одоо харж байна.” Эхлэл 16:13

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP