Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Ганцаардлаа яаж давах вэ?

Тэдгээр хоосон мэдрэмжүүдийг нуугаад орхих биш харин оронд нь яаж ганцаардлыг давахыг эндээс олоорой …

Ашлейне Сейз

Гэрлэн дохио солигдохыг хүлээн машиныхаа цонхыг доошлуулаад, радио сонсон суух үедээ би ганцаардлыг мэдэрдэг. Энэ мэдрэмжийг би өрөө дүүрэн хүмүүсийн дунд, инээд хөөр, найз нөхдөөрөө хүрээлүүлэн байхдаа ч амсдаг. Үүнийг би шөнө дунд, зүүдэндээ эсвэл тас харанхуйд гэнэт цочин сэрэх үедээ ч мэдрэх аж.

Ганцаардал. Бид бүгдээрээ энэ мэдрэмжийг мэднэ.

Ганцаардсан мэдрэмж нь улмаар ганцаардлаас айх айдас болон хувирдаг. Ганцаардлаас айх айдас нь цаашлаад ганцаардахаас зайлсхийх зуршил болно. Тэгээд эцэст нь, та энэ дэлхий дээр хэдхэн хором ч гэсэн ганцаараа байхыг хүсэхгүйг байгаагаасаа болж өдөрт 1,000 мессеж илгээж, архи, видео тоглоом, танихгүй хүмүүстэй хүртэл уулзсанаар энэ мэдрэмжээ тайлах гэж оролдоно. Эсвэл эсрэгээрээ та өрөөндөө орж хаалгаа хаагаад дэлхийгээс бүхэлд нь тусгаарлагдаж, хүмүүстэй холбогдохоос зугтаадаг хүн болж ч магадгүй. Нэгэнт ганцаардалд автсан бол тэр ганцаардлаас гарна гэдэг бараг боломжгүй. Учир нь та ганцаараа байна.

Нэгэн сургаалт үгэнд, “Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.” гэжээ. (Сургаалт үгс 14:10) Үндсэндээ, хүн бүр бусад хүмүүсээс тусгаар оршигч боловч бид бие биеэ тодорхой хэмжээнд ойлгож чаддаг. Гэхдээ л бид тэрхүү тусгаарлагдмал\ганцаардмал байдлыг мэдэрсээр байдаг. Таны оронд байсан бол ямар байх байсныг бүрэн дүүрэн ойлгож чадах хүн нэг ч үгүй. Таны хариу үйлдлээс үл хамааран ганцаардал бол хүн бүрд тулгардаг маш том, сэтгэл өвтгөсөн асуудал мөн.

Ганцаардлын шалтгаан юу вэ?

Бид юуны төлөө бүтээгдсэн юм бол гэж та гайхширч байсан уу? Бурхан биднийг харилцаан дунд оршиж, хамт олонтой холбоотой байхаар бүтээсэн гэж Библид тайлбарласан байна. Бид ихэнхдээ, хайр дурлалын хувьд эсвэл найз нөхдийн хувьд зөв хүнээ л олчих юм бол хэзээ ч ганцаардахгүй байж чадна гэж төсөөлдөг. Гэхдээ, аз жаргалтай гэрлэсэн эрчүүд, эмэгтэйчүүд ч ганцаарддаг. Бид зөвхөн хүмүүстэй холбогдоод зогсохгүй Бурхантай холбоотой байхын тулд бүтээгдсэн. Эд баялаг, амжилт, алдар хүнд ч биднийг ганцаардлаас ангид байлгаж чадахгүй. Попын ертөнцөөс үүний тод жишээнүүдийг харж болно. Замбараагүй их гэр бүл салалт, амиа хорлолт, хар тамхины хэрэглээ зэрэг нь Холливүүдийг тэр чигт нь хамарсан мэт байдаг. Мөн Библид энэ бүх зүйлийг эзэмшсэн боловч ганцаардлыг мэдэрсээр байсан хүмүүсийн тухай, мөн юу ч үгүй хоосон байсан боловч Бурхан уруу ирснээр яг өөрт хэрэгтэй зүйлээ олж авсан хүмүүсийн тухай түүхүүд гардаг.

Соломон бол Бурханаас онцгой мэргэн ухаан авсан Израйлийн хаан байв. Түүнд үнэндээ бүх зүйл байсан. Аварга том алтан гулдмайнууд, асар том орд харш, зуу зуун эхнэр ба татвар эмс түүнд байв.Соломон энэ дэлхий дээрхи хамгийн сэтгэл хангалуун хүн байсан байх гэж та бодож магад! Гэвч тэрээр энэ амьдрал ямар утгагүй хоосон болох талаар ном бичиж үлдээсэн юм. “Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ, бас өөрийн чармайн хийсэн хөдөлмөрийг эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил байв. Наран доор түүний ашиг алга.” (Номлогчийн үгс 2:11) Эдгээр үгсээс нь та түүний ганцаардал ба цөхрөлийг олж сонсох боломжтой!

Эсрэг тохиолдолд, нэгэн өдөр Есүс хотоор явж байгаад уяман өвчтэй хүнтэй тааралджээ. Тухайн үеийн уяман өвчтөн нь өнөө үеийн уяман өвчтөнөөс арав дахин аймшигтай байсан. Хүмүүс тэдэнд хүрэхээс ч айдаг байв. Уяман өвчтөнүүдийг нийгмээс гадуурхаж, гэр бүлийнхэн болон найз нөхөд нь тэднийг орхидог байсан бөгөөд ядаж идэх юм олохын тулд тэд гудамжны буланд суугаад гуйлга гуйцгаадаг байжээ. Хажуугаараа өнгөрөх хүмүүст үл тоомсорлогдсон, шороо тоосон дунд сууж буй тэр уяман өвчтөнийг төсөөлөөд үз. Түүнд наашаа гэх хүн нэг ч байхгүй бөгөөд түүнийх гээд өмчлөх сохор зоос ч байсангүй. Тэр босож, Есүс уруу алхан очоод, гудамжинд сөхрөн унаж, өөрийг нь цэвэр болгож өгөөч хэмээн гуйдаг. Олон жилийн туршид өөр хэний ч гар хүрээгүй тэр уяман өвчтэй хүнд Есүс хүрсэн бөгөөд түүнийг эдгээсэн. Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болсон эр баяр хөөр нь багтаж ядан, хэдий Есүс түүнд хүмүүст бүү хэл гэж тушаасан ч хаа сайгүй явж хүмүүст энэ талаар хэлж байсан. Тэр хэдий юу ч үгүй хоосон, найз нөхөдгүй хэвээр байсан ч түүний амьдрал гэнэт баяр хөөртэй, утга учиртай болсон. Нийгмээс гадуурхагдсан байсан түүний амьдралыг юу ингэж бүхэлд нь өөрчлөв? Есүстэй маш богино хугацаанд уулзсан учрал.

Бид ганцаардмал байхаар бүтээгдээгүй

Бид Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн.

Энэ бол биднийг ганцаардлаас гаргах цорын ганц зүйл юм. Учир нь бид анхнаасаа л ийм харилцаатай байхаар бүтээгдсэн. Энэ дэлхийн бүх эрдэнэс, алт, эмэгтэйчүүд Соломоны амьдралд авчирж чадаагүй утга учир, тайвширал, баяр хөөрийг Есүс Бурхантай уулзсан ганц удаагийн учрал уяман өвчтөний амьдралд авчирсан юм. Бурхантай хувьчлан харилцаа тогтоох нь бүх зүйлийг өөрчилдөг. Энэ бол ганцаардал хэмээх бидэнд тулгардаг асуудалд өгөх хариулт юм.

Тэгэхлээр Бурхантай харилцаатай болсноор бид үлдсэн амьдралынхаа туршид ганцаардал мэдрэхгүй гэсэн үг үү? Үгүй ээ. Энгийнээр хэлэхэд гол систем нь эвдэрчихсэн. Энэ нь нэлээд адармаатай түүх хэдий ч та энэ талаар эндээс үзэж болно. Бидний амьдарч буй энэ дэлхий гэмтчихсэн. Гэм нүглээс болоод, Бурханаас үл хамааран амьдрах хүслээсээ болоод бид Бурханаас тусгаарлагдсан. Энэ дэлхий дээр бид амьдралыг анх бүтээгдсэн зориулалтынх нь дагуу ямар ч ганцаардал, бузар муу, шаналал, айдасгүйгээр өнгөрөөх, тийм амьдралыг амсаж үзэх боломжгүй.

Тэгвэл одоо яах вэ?

Ганцаардлыг яг одоо эмчлэх арга хүн төрөлхтөнд байхгүй гэдэг нь үнэн боловч яг одоо, энд энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах хоёр зүйл бий:

Хамт олон: ганцаардлыг хэрхэн даван туулах вэ

Бид бусадтай харилцаа хамааралтай байхаар бүтээгдсэн учраас ганцаардлыг даван туулахад ихээхэн нөлөөтэй зүйл бол хамт олны нэг хэсэг болох явдал юм. Мэдээж таныг дахиж хэзээ ч ганцаардахгүй болгож чадах найз гэж байхгүй боловч, таныг байгаагаар чинь (таны биеийн галбир, ур чадвар, мөнгө эсвэл архи даах чадвараас үл хамааран) хайрлаж, санаа тавьдаг хүмүүс таны эргэн тойронд байх нь танд ганцаараа биш гэдгээ олж харахад тусалдаг.

Шинжлэх ухаан ч үүнийг баталсан байна. Та хэр олон найзтай байна, хэр олон хүмүүстэй холбоотой байна тэр хэрээрээ эрүүл саруул байдаг аж. Та үүнийг мэдэхийг хүсвэл Гүүглээс\Google “Эрүүл мэнд дэх нөхөрлөлийн ашиг тус” гээд хайхад л болно. Хүмүүс хоорондын харилцааны мэргэжилтэн, судлаач Берэн Браун үүнийг ингэж тайлбарлажээ: “Бусад хүмүүс өөрийг нь харж, сонсож, үнэлж байна гэдгийг мэдрэх үед, тэд ямар ч шүүмжгүйгээр хоорондоо өгч, авах боломжтой үед, тухайн харилцаанаасаа шим тэжээл, эрч хүч авч байгаа үед хүмүүсийн хооронд үүсдэг энергиэр би энэ харилцааг тодорхойлно.” Амьдралаа хайртай хүмүүстэйгээ хуваалцах нь танд гадаад ертөнцийг өөрийн нүдээр харахад тусалж, ганцаардсан мөчүүддээ эргэн дурсахуйц утга учиртай мөчүүдийг амьдралд чинь авчирдаг.

Таны ганцаардлыг ойлгож чадах нэгэн

Зарим үед, харж чадахгүй Бурханд итгэх нь Баасан гаригийн үдэш арай бага ганцаардахад маань туслах магадлалтай гэдгийг ойлгоход амаргүй байдаг. Гэхдээ Бурхан хэзээ ч Өөрийн хүүхдүүдийг орхихгүй бөгөөд, нэрийг нь дуудсан бүхэнд Тэр ойр байдаг гэж Библид хэлсэн. Бурхан танд хайртай, Тэр тантай харилцаатай байхыг маш их хүсдэг. Таныг ганцаардсан үедээ Түүн уруу ирээсэй гэж Тэр хүсдэг!

Түүгээр ч зогсохгүй Тэр таныг ойлгодог. Есүсийг энэ дэлхий дээрх амьдралынхаа хамгийн хүнд цагуудыг туулж байх үед, загалмайд хадагдахынх нь өмнөхөн найзууд нь Түүнийг орхин зугтаж, тэр ч бүү хэл Түүнийг огт танихгүй мэт дүр эсгэж байсан юм. Хүн ганцаардах үедээ юу мэдэрдгийг Есүс мэднэ. Библид хэлэхдээ, “ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.” (Дуулал 34:18) Хамгийн гүн ганцаардлыг мэдэрч шаналан байх үедээ ч та гав ганцаараа биш гэдгээ мэдэх нь танд ямар санагдаж байна? Таныг бүтээсэн Бурхан тантай хамт бөгөөд таныг хэзээ ч орхихгүй!

Та үүнийг авах боломжтой

Ганцаардалгүй дэлхийд амьдрахад маань саад болсон тэр гэм нүгэл биднийг одоо ч мөн Бурханаас хол байлгадаг. Та хичнээн сайн хүн байлаа ч, хичнээн их хичээн зүтгэсэн ч тэрхүү тусгаарлагчийг даван гарч чадахгүй. Бидний Бурхантай харилцах харилцааг сэргээхийн тулд Бурхан Есүсийг энэ дэлхий уруу илгээжээ. Есүс шархалсан зүрхтнүүдийг эмчлэхээр ирсэн хэмээн Библид өгүүлсэн. Бурханы төгс хүү Есүс, таны гэмийн төлөө нас барсан бөгөөд үр дүнд нь та ч бас уяман өвчтөн адил цэвэрших боломжтой болсон. Та цаашид гадуурхагдсан, гологдсон нэгэн биш харин Бурханы хүүхэд гэгдэх болно. Бурхан биднийг хэрхэн хардаг талаар зохиолч, пастор Тим Келлэр ийн хэлсэн байна: “Тэр бол таныг хамгийн доор байхад ч олж харж, тэнгэрт хүртэл хайрлаж чадах цорын ганц нүд юм.” Бурхан таны амьдралын хамгийн адгийн мөчүүдийг хардаг хэдий ч цаг үргэлж таныг нэг л хайраар хайрлаж байдаг. Тэр таныг Өөр уруу нь ирээсэй гэж хүсдэг.

Та Бурхантай харилцаатай болж, ганцаардсан мөчүүдэд чинь туслах боломжийг Түүнд олгохыг хүсэж байна уу? Та яг одоо Түүнд итгэж, Түүнтэй энгийнээр ярьж залбирлаар Түүнийг хүлээн авснаар үүнийг хийж болно. Бурхан таныг болон таны зүрх сэтгэлийг мэднэ. Тиймээс таны хэлэх үгсээс илүү таны сэтгэлээс гарах хандлага чухал юм. Залбирлын жишээг эндээс харж болно:

Эзэн Есүс ээ, Би таныг хувьчлан таньж мэдмээр байна. Загалмай дээр миний гэмийн төлөө нас барсанд баярлалаа. Би амьдралынхаа хаалгыг нээж, миний Аврагч Эзэн болон орж ирээч хэмээн танаас гуйж байна. Амьдралын минь жолоог та атгаач. Гэм нүглийг минь уучилж, мөнх амийг өгсөнд тань талархъя. Надтай хамт байгаад тань, намайг хэзээ ч орхихгүй гэж хэлсэнд тань баярлалаа. Таны оршихуйг мэдрэхэд минь туслаач.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP