Ертөнцийн Эзэн бидний залбиралд хариулдаг уу?
Ямар нөхцөлд Ертөнцийн Эзэн бидний залбиралд хариулдаг вэ?
Хэрхэн залбирах вэ? Биелдэг залбирлууд
Ертөнцийн Эзэнд чин сэтгэлээсээ итгэдэг хэн нэгнийг та таних уу? Намайг урьд нь шашингүй үзэлтэн байхад нэг сайн найз маань Ертөнцийн Эзэнд үргэлж залбирдаг байсан юм. Ертөнцийн Эзэнийг юу хийгээсэй гэж найдаж байгаагаа долоо хоног бүр л надад ярина. Тэгээд л долоо хоног бүр Ертөнцийн Эзэн түүний залбирлыг биелүүлэхээр ямар нэг ер бусын зүйл хийснийг нь би харна. Бурхангүй үзэлтний хувьд байнга иймэрхүү зүйл харах нь хэчнээн хэцүү болохыг та ер нь мэдэх үү? Хэсэг хугацааны дараа би энэ бүхнийг “Тохиолдол” гэдэгт эргэлзэж эхэлсэн юм.
Тэгвэл миний найзын залбирлыг Ертөнцийн Эзэн яагаад биелүүлдэг байсан юм бол? Ертөнцийн Эзэнтэй харилцаатай байсанд л гол учир байгаа юм. Тэр Ертөнцийн Эзэнийг дагахыг хүсч, Түүнийг сонсдог байсан. Тэр өөрийг нь удирдан чиглүүлэх бүрэн эрхийг Ертөнцийн Эзэнд зөвшөөрдөг байв. Гуйн залбирах нь найзын маань хувьд Ертөнцийн Эзэнтэй тогтоосон харилцааных нь чухал хэсэг байлаа. Тэр өөрийн бүх хэрэгцээ, асуудлаа Ертөнцийн Эзэнд залбирахдаа маш сэтгэл хангалуун байдаг байсан. Үүнээс гадна Библиэс уншсаныхаа дагуу Ертөнцийн Эзэнд найдах нь зөв гэдэгт тэр итгэдэг.
Тэр Библийн энэ хэсгийг хэлэх их дуртай. “Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм.”1 “Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг...”2
Тэгвэл Ертөнцийн Эзэн бүх хүний залбиралд яагаад хариулдаггүй вэ?
Магадгүй тэд Ертөнцийн Эзэнтэй харилцаагүй байдаг учраас тийм байдаг байх. Тэд Ертөнцийн Эзэн байдаг гэдгийг мэддэг, бүр үргэлж Ертөнцийн Эзэнийг магтан дуулдаг хүмүүс ч байж болох юм. Хэзээ ч залбирал нь биелж байгаагүй хүмүүс магадгүй Ертөнцийн Эзэнтэй харилцаагүй байдаг байх. Цаашилбал, тэд хэзээ ч Ертөнцийн Эзэний уучлалыг бүрэн ухаараагүй байж ч болох юм. Үүнийг тайлбарлавал: “Үзэгтүн, Эзэний мутар аварч чадахааргүй богино биш ээ. Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ. Харин та нарын нүглүүд Бурханы нүүрийг Та нараас далдалжээ, тийм учраас Тэр сонсдоггүй.”3 Уучлагдахын тулд яах хэрэгтэй гэж та бодож байна?
Бид Ертөнцийн Эзэнээс тусгаарлагдсан байгаагаа мэдэхэд хялбар. Хүмүүс ямар нэг зүйлийг Ертөнцийн Эзэнээс гуйх үед юу болдог гээч? Тэд “Ертөнцийн Эзэн минь ээ, энэ асуудалд Таны тусламж надад их хэрэгтэй байна ...” гэж хэлээд, түр азнаж ... “Би гэмгүй ариун хүн биш ээ, Танаас гуйх эрхгүй гэдгээ ч ойлгож байна аа...” гэж дахин эхэлдэг. Үүнээс үзвэл тэд гэм, алдаа дутагдалтай гэдгээ, мөн үүнийг нь Ертөнцийн Эзэн ч бас мэдэж байгааг мэддэг. Тэд Ертөнцийн Эзэнээр хэрхэн уучлагдахаа мэддэггүй байж болох юм. Тэд Ертөнцийн Эзэнтэй харилцаа тогтоож болох, мөн ингэснээр Ертөнцийн Эзэн тэднийг сонсоно гэдгийг мэддэггүй байх. Таны залбиралд Ертөнцийн Эзэн хариулах гол үндэс нь харилцаа юм.
Залбирлын үндэс юу вэ?
Та эхлээд Ертөнцийн Эзэнтэй харилцаа тогтоох хэрэгтэй. Майк гэдэг нэгэн залуу байж л дээ. Тэр залуу машин авахын тулд Принстоны их сургуулийн захирлаас (Майкыг танихгүй) зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зурахыг гуйхаар шийдсэн гэж бодъё. Майкын хувьд энэ арга боломжгүй юм. (Принстоны их сургуулийн захирал мэдээж тэнэг биш). Харин захирлын охин нь түүнээс энэ зүйлийг гуйвал ямар ч асуудал байхгүй. Гол нь харилцаа.
Ертөнцийн Эзэнийг хүлээн авч, хүүхэд нь болсон Өөрийнхөө хүмүүсийг Тэр таньдаг ба тэдний залбирлыг сонсдог. Есүс хэлэхдээ: “Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ... Миний хонин сүрэг миний дууг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй”4 гэсэн. Та үнэхээр Түүнийг таньдаг уу? Тэр таныг мэддэг болов уу? Залбирлын чинь баталгаа болж чадах харилцаа танд байна уу? Эсвэл Ертөнцийн Эзэн танаас дэндүү хол байна уу? Таны хувьд Тэр зүгээр л ойлголт төдий зүйл үү? Хэрэв Ертөнцийн Эзэн танаас хол хөндий байгаа бол, эсвэл та Түүнийг сайн мэдэхгүй байгаа бол яг одоо Түүнтэй хэрхэн харилцах тухай Харилцаа тогтоох нь сэдэвт өгүүлсэн байгаа.
Ертөнцийн Эзэн таны залбиралд тодорхой хариулах болов уу?
Түүнийг таньдаг, Өөрт нь түшиглэдэг хэн бүхэнд Есүс маш өгөөмрөөр өгдөг. “Хэрэв та нар Миний дотор, Миний Үг та нарын дотор байвал юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт өгөгдөх болно.”5 Тэд Түүний дотор, Түүний үг тэдний дотор “байх” гэдэг нь амьдралаа Түүгээр удирдуулан, Түүнээс хамааралтай байж, юу хэлэхийг нь сонсоно гэсэн үг юм. Энэ үед тэд Түүнээс хүссэн бүхнээ гуйж болно. Өөрөөр бас: “Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.”6 Ертөнцийн Эзэн бидний залбиралд Өөрийнхөө хүслийн дагуу хариулдаг (мөн Өөрийн мэргэн ухаан, бидний төлөөх хайр болон ариун байдлынхаа дагуу, г.м).
Бид Ертөнцийн Эзэний хүслийг мэднэ гэж эндүүрдэг нь нэг зүйлээр харагддаг. Тодорхой нэг залбиралд тохирох зөвхөн ганц “хариулт” байх ёстой, ТЭР нь л Ертөнцийн Эзэний хүсэл мөн гэж бид боддог. Үүнд л асуудал байгаа юм. Бид цаг хугацаа ба мэдлэгийн хязгаарлагдмал байдалд амьдардаг. Ямар нэг нөхцөл байдлын цаад учрыг, мөн тухайн үед юу хийвэл ирээдүйд ямар үр дүн гарахыг бид тодорхой мэдэхгүй. Харин Ертөнцийн Эзэний оюун ухаан хязгааргүй. Амьдралд тохиох үйл явдлууд хэрхэн өрнөж төгсөхийг зөвхөн Тэр л мэддэг. Мөн түүнчлэн Ертөнцийн Эзэн бидний төсөөлж чадахаас ч илүү алсыг хардаг. Тийм учраас Ертөнцийн Эзэн ямарваа нэг зүйлийг үйлдэхдээ зүгээр л нэг хийчихдэггүй. Яагаад гэвэл Тэр үүнийг хийх хүсэлтэй байх ёстой гэдгийг бид ойлгосон шүү дээ.
Ертөнцийн Эзэний хүслийг яаж мэдэх вэ? Тэр юу хийхийг хүсдэг вэ?
Ертөнцийн Эзэний бидэнд хандсан хүсэл зоригийг хуудас хуудсаар нь бичиж болохсон. Библи бүхлээрээ – Тэр бидэнтэй ямар холбоотой байж, биднийг яаж амьдраасай гэж хүсдэгийг тайлбарладаг. Жишээ нь:
“ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан, хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэхээр өндийн босдог. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүсэн хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ.”7 Та төсөөлж байна уу? Суудлаасаа өндийгөөд танд тусалж байгаа хүн шиг “Тэр танд өршөөл үзүүлэхээр өндийн босдог.” “Бурханы зам төгс төгөлдөр юм... Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.”8 “ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг, Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.”9
Есүс, Ертөнцийн Эзэний бидний төлөөх агуу хайр ба үүрэг, амлалтыг нь илэрхийлэн “Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.”10 “Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ.”11
“Биелээгүй” залбирлын тухайд
Мэдээж хүмүүс өвчин тусдаг, үхдэг. Санхүүгийн асуудал ч түгээмэл, мөн янз янзын хүнд бэрхшээлүүд ч гарч ирж болно. Тэгвэл яах вэ?
Ертөнцийн Эзэн санаа зовнилуудаа өг гэж бидэнд хэлдэг. Нөхцөл байдал бүрхэг үед ч “Тэр чамд санаа тавьдаг тул Түүнд бүх зовнилоо үүрүүл.”12 Байдал хүндэрч, хяналтаас гарсан мэт санагддаг, гэвч үнэндээ тийм биш юм. Галав юүлэх мэт үед ч Ертөнцийн Эзэн биднийг хамгаалж чадна. Ийм үед хүн Эзэнийг мэддэгтээ ямар их баярлах бол. “Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална.”13 Асуудлаас гарах, асуудлыг шийдвэрлэх [магадгүй таны санаанд багтамгүй] АРГА ЗАМЫГ ч Ертөнцийн Эзэн нээж өгч болох юм. Амьдралд нь тохиолдсон иймэрхүү жишээг Христэд итгэгчид олныг жагсааж чадах бизээ. Гэхдээ, хэрэв байдал дээрдэхгүй байсан ч энэ бүхний дунд Ертөнцийн Эзэн биднийг сэтгэл амар байлгаж чадна. Есүс хэлэхдээ “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.”14
Нөхцөл байдал хүнд хэвээрээ байх үеүдэд Ертөнцийн Эзэн биднийг Түүнд итгэсэн хэвээрээ байхыг, өөрөөр хэлбэл “Харж байгаагаараа бус итгэлээрээ” алхахыг биднээс хүсдэг. Гэхдээ энэ бол сохор итгэл биш. Харин Ертөнцийн Эзэний үнэн мөн чанарт тулгуурласан итгэл юм. Алтан Хаалга гүүрээр* гарч яваа машин гүүрний бүрэн бүтэн байдалд тулгуурлан явна.Үүнд жолоочийн юу мэдэрч, юу бодож, хажууд суугаа хүнтэйгээ юу зөвлөлдөж байгаа нь хамаагүй. Гүүрийг гатлах машины аюулгүй байдал бол гүүрний бүрэн бүтэн байдал юм.
Үүний нэгэн адил Ертөнцийн Эзэн биднийг Өөрийнх нь үнэнч шударга байдал, мөн чанар... Түүний хайр энэрэл, мэргэн ухаан, зөвт байдалд итгэхийг хүсдэг. Тэр хэлэхдээ, “Би чамайг үүрдийн хайраар хайрласан, тийм учраас би чамайг хайр энэрлээр татсан юм.”15 “Хүмүүсээ хэзээд Түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм.”
Дүгнэж хэлэхэд... Яаж залбирах вэ?
Ертөнцийн Эзэн – хүүхдүүдийнхээ (Түүнийг өөрийн амьдралдаа оруулан, Түүнийг дагахаар эрж хайдаг хүмүүсийн) залбиралд хариулахаа амласан. Тэр биднийг бүх зовнилоо залбирлаараа Түүнд авчир гэдэг. Тэгвэл Тэр Өөрийн хүслийн дагуу бүхнийг хийнэ. Бид Ертөнцийн Эзэнд хандан, бүх асуудал бэрхшээлээ Түүнд даатгаж орхивол нөхцөл байдлыг үл ажран, сэтгэл амар байж чадна. Бидний итгэл найдварын үндэс суурь бол Ертөнцийн Эзэний Өөрийнх нь мөн чанар юм. Түүнийг илүү мэдэхийн хэрээр Түүнд илүү найддаг болно.
Ертөнцийн Эзэний мөн чанарыг мэдэхийг хүсвэл Ертөнцийн Эзэн хэн бэ? болон веб сайтын бусад сэдвүүдийг уншина уу? Бидний гуйлт залбирлын шалтгаан нь Ертөнцийн Эзэний Өөрийнх нь мөн чанар юм. Ертөнцийн Эзэний хариулдаг хамгийн эхний залбирал бол Түүнтэй харилцаа тогтоох залбирал юм.
(Мэрилин Адамсон)
(1) 1 Иохан 5:14
(2) 1 Петр 3:12
(3) Исаиа 59:1,2
(4) Иохан 10:14,27-28
(5) Иохан 15:7
(6) 1 Иохан 5:14,15
(7) Исаиа 30:18
(8) Дуулал 18:30
(9) Дуулал 147:11
(10) Иохан 15:13
(11) Ром 8:32
(12) 1 Петр 5:7
(13) Филиллой 4:5-7
(14) Иохан 14:27
(15) Иеремиа 31:3
(16) Дуулал 62:8
* Алтан Хаалга гүүр (Golden Gate Bridge) – АНУ-ын Сан Францискогийн хойг болон Марин хойгийн хооронд, Golden Gate хоолой дээгүүр татсан гүүр.
Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?
|