![]() |
| • Вэбийн сан >> Харин Есүс? >> Энэ үнэн үү? |
Христийн тунхагуудаас үзвэл Түүний хэн болохыг дүгнэх зөвхөн дөрвөн боломжит хувилбар байна. Тэрээр нэг бол худалч эсвэл солиотой эсвэл үлгэр домог эсвэл Үнэн. Хэрэв бид Үнэн биш гэж үзвэл нөгөө 3 хувилбарын аль нэгийг нь Түүний тухай бүрэн ойлголтгүйгээр шууд хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. (1) Хэрвээ Есүс худал хэлсэн гэвэл Ертөнцийн Эзэн биш гэдгээ мэдэж байсан ба дагалдагчдаа санаатай мэхэлсэн гэсэн үг. Энэ байр суурин дээр цөөн хүмүүс баттай зогсдог. Гайхалтай нь эдгээр хүмүүс Түүний тэнгэрлэг байдлыг үгүйсгэдэг мөртлөө Түүнийг ариун шударга багш гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч тэд энэ хоёр дүгнэлт хоорондоо зөрчилдөж байгааг олж хардаггүй. Хэрэв Өөрийнхөө талаар тунхагласан нь худал байсан юм бол Тэр яаж ариун ёст багш байж таарах билээ? (2) Арай үнэмшилтэй нэг хувилбар бол Тэр чин сэтгэлээсээ байсан боловч өөрийгөө хуурсан. Өнөө үед өөрийгөө Бурхан гэж боддог хүнд тохирох нэр бий. Энэ нь “Солиотой амьтан”. Хэрэв Тэр энэ чухал асуудал дээр Өөрийгөө хуурсан гэж үзвэл Христэд энэ нэр тохирох нь ойлгомжтой. Гэвч Христийн амьдралаас харвал Тэр гаж, тогтворгүй байдалтай байсан удаа огт байхгүй. Харин хүнд хэцүү хавчлаганд Тэр хэчнээн тайван байсныг нь бид мэдэж болно. (3) Гурав дахь хувилбар нь Есүс Өөрийгөө Ертөнцийн Эзэн гэж хэзээ ч тунхаглаагүй, харин III-IV зууны үеийн дагалдагчид нь сэтгэлийн хөөрлөөр Түүнийг Ертөнцийн Эзэн мөн хэмээн тунхагласан нь домог болсон. Энэ үзэл нь орчин үеийн археологийн олон олдвороор үгүйсгэгдсэн байх юм. Эдгээр нээлтүүд Матай, Марк, Лук, Иохан нарын бичсэн Христийн тухай дөрвөн намтар нь Есүс Христийг харсан хүмүүсийн амьдарч байсан цаг хугацаанд бичигдсэн болохыг маргаангүй баталжээ. Жонс Хопкины Их Сургуулийн багш байсан дэлхийн нэрт археологич Ф.Уильям хэлэхдээ: “МЭ 70-аад оноос хойш бичигдсэн байсан Сайн Мэдээний номлолуудад итгэх үндэс байгаагүй. Учир нь тухайн үед үнэнийг нүдээр харсан амьд гэрч нар олон байсан учир Сайн Мэдээний номлол шиг хэлбэрээр бичигдсэн байлаа ч Христийн тухай хэтрүүлсэн, домог төдий зүйл цааш тархаж, нөлөөлнө гэдэг огт боломжгүй” гэжээ. Жишээлбэл, хэн нэгэн нь Жон Кеннеди агсны намтрыг бичихдээ түүнийг Бурхан байсан ба хүмүүсийн гэмийг уучилж, үхлээс амилсан гэж тунхаглавал дэндүү итгэмээргүй. Учир нь одоо хүртэл Кеннедийг мэддэг хүмүүс олон байгаа шүү дээ. Христийн тунхаглал бол үлгэр домог байсан гэх үзэл нь Сайн Мэдээний анхны гар бичмэлүүдийг үгүйсгэж чадахгүй билээ. (4) Сүүлийнх нь Есүс үнэнийг ярьж байсан гэсэн хувилбар юм. Тунхаг болгон ач холбогдогдолтой зүйл биш. Хэлэх амархан. Хэн ч тунхаглаж чадна. Өөр хүмүүс ч бас өөрийгөө Бурхан гэж тунхаглаж байсан. Би ч, та ч өөрийгөө Бурхан гэж тунхаглаж болох шүү дээ. Гэхдээ бидний хариулах ёстой нэг асуулт байна. Энэ бол: “Бидэнд тунхаглалаа үнэн гэж батлах ямар нэг баримт байна уу?” Миний бодлоор үүнийг үгүйсгэхэд 5 минут ч ихэднэ. Харин Назарын Есүсийн хувьд тийм ч хялбар биш. Тэр Өөрийнхөө тунхаглалд эзэн суусан юм. Тэр хэлэхдээ: “Хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно” (Иохан 10:38) гэсэн. Есүс Ертөнцийн Эзэн мөн үү? Анхаарвал зохих зарим асуудлууд
Есүс Христ гэмгүй ариун байсан. Түүний дайснуудаасаа “Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу?” (Иохан 8:46) гэж асууж байсан нь хэн болохыг нь харуулдаг. Тэр Өөрөөс нь үргэлж өө хайгч хүмүүстэй ч зөв харьцдаг байсан. Есүсийг гэм хийх уруу татлаганд орж байсан тухай л өмнө нь уншиж байснаас биш Түүнийг буруугаа хүлээн, гэмшиж байсан тухай бид хэзээ ч сонсоогүй. Тэр дагалдагчдадаа гэмш гэж хэлж байсан ч Өөрөө хэзээ ч гэмшиж байгаагүй юм. Аль ч үеийн итгэгч болон гэгээрлийг хайгчид нь гэм зэмгүй байдлаараа Есүстэй эн зэрэгцэхгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс Ертөнцийн Эзэнд ойртох тусам алдаа дутагдал, шударга бус байдлаа улам ихээр олж хардаг. Хүн гэрэлд ойртох тусам өөрийнхөө хир буртгийг илүү тод харж, угаах хэрэгтэй болсноо мэдэрдэг. Үүнчлэн ёс суртахууны хувьд ч мөн адил. Багаасаа гэм нүглийн мөн чанарыг мэдэх болсон Иохан, Паул, Петр нар Христийн ариун байдлын тухай ярьж байсан: “Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй” (1Петр 2:22). Есүсийг таньдаггүй байсан Пилат хүртэл “Тэр ямар муу юм хийсэн юм бэ?” гэж асуусан байдаг. Тэгэхлээр Пилат Христ гэм буруугүй гэдгийг цаанаа мэдэж байсан байна. Христийн үхлийг нүдээрээ харж байсан Ромын цэрэг “Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ” гэсэн (Матай 27:54). Хоёрдугаарт: Зөвхөн Бүтээгч Бурханд байдаг байгалийн хүчин зүйлээс давсан хүчийг Христ харуулсан. Тэр Галил нуурын хүчтэй шуургыг намдаасан. Завин дээр байсан хүмүүс Түүний хийсэн зүйлээс ихэд айж “Салхи болон нуур хүртэл Түүнд захирагдаж байдаг Тэр ер нь хэн юм бэ?” гэсэн байдаг. Тэр усыг дарс болгож, 5 талх 2 загасаар 5000 хүнийг хооллож, бэлэвсэн эхнэрийн хүүг үхлээс амилуулж байсан. Тэр: “Лазар бос” гэж айлдан хуучин найзаа үхлээс амилуулсан нь гайхамшигтай. Түүний дайснууд хүртэл энэ гайхамшгийг үгүйсгэхийн оронд Түүнийг алахыг оролдож байв. “Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ” (Иохан 11:48) гэсэн байдаг. Гуравдугаарт: Есүс өвчин эмгэгийг эдгээх Бүтээгчийн хүчийг харуулж байв. Тэр доголонг алхуулж, хэлгүйг яриулж, сохрыг хараа оруулж байв. Түүний эдгээсэн хүмүүсийн зарим нь сэтгэцийн болон олдмол биш, харин төрөлхийн эмгэгтэй хүмүүс байсан. Хамгийн гайхалтай нь Иохан 9-р бүлэгт бичигдсэн хараагүй хүний тухай жишээ юм. Тэр хүн гайхамшгийн учрыг олоогүй ч түүнд тохиолдсон нь бусад хүмүүст итгэл төрүүлэх хангалттай шалтгаан байсан юм. Тэр “Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна” гэв. Өөрийг нь Эдгээгчийг Бурханы Хүү болохыг ухаарахгүй байгаа нөхдөдөө тэр ихэд гайхаж байлаа. “Цаг хугацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогүй” гэж хэлсэн (Иохан 9:25,32). Түүнд энэ явдал хангалттай баталгаа байсан. Дөрөвдүгээрт: Христийн үхлээс амилсан нь Түүний тэнгэрлэг чанарын талаарх тунхаглалын хамгийн дээд нотолгоо юм. Тэр, Өөрийнхөө үхлийн талаар 5 удаа урьдчилан хэлсэн байдаг. Түүнчлэн Тэр үхээд гурав хоногийн дараа үхлээс амилж, дагалдагч нартаа үзэгдэх болно гэдгээ хэлсэн. Мэдээж энэ бол том шалгуур. Үүгээр Түүний тунхаглал үнэн эсэхийг батлахад амархан. Христийг хүлээн зөвшөөрөгчид болоод эсэргүүцэгчдийн аль аль нь Түүний амилалтыг Христэд итгэх итгэлийн тулгын чулуу гэдгийг олж мэдсэн байсан. Агуу элч Паул хэлэхдээ: “Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм” (Коринт 15:14). Паулын бүх итгэл Христийн биеэрээ амилсан явдалд тулгуурлаж байжээ. Тэрээр үхлээс амилсан эсвэл амилаагүй ч байж болох боловч амилсан учраас л түүхэнд хамгийн дуулиант үйл явдал болсон юм. Ертөнцийн Эзэн Өөрт нь мухраар сүсэглэхийг хүсдэггүй.Хэрэв Христ үхлээс амилсан юм бол Ертөнцийн Эзэн оршин байгаа нь гарцаагүй бөгөөд Түүний хэн болохыг бид баталгаатай мэдэж чадна. Магадгүй бид Түүний нөлөөллийг амьдралдаа бие сэтгэлээрээ амсах боломжтой. Орчлон ертөнц утга учир, зорилготойгоор оршин байгаа бөгөөд орчин үед ч Ертөнцийн Эзэнийг туршлагаараа мэдэх боломжтой.
Нөгөө талаар хэрэв Есүс Христ үхлээс амилаагүй бол Христ итгэл нь музейн сонирхолтой үзмэрээс цаашгүй, үүнд тургуурлах үндэслэл ба бодит нөлөө байхгүй бөгөөд “Амилсан ч болоосой” гэсэн хүсэл төдий л зүйл болно. Мэдээж ийм зүйлээс болж уурлаж цухалдах нь илүүц биз. Тэгэхээр, итгэлийнхээ төлөө амиа алдагсад болон Эквадор, Конго гэх мэт ядуу буурай улсад энэ мэдээг хүргэхээр амьдралаа зориулсан өнөө үеийн илгээлтийн эзэд дэмий юманд амьдралаа үрсэн хөрхийлөлтэй тэнэгүүд болж таарах нь. Христ итгэлийг эсэргүүцэгчдийн довтлох бай нь Есүс Христийн амилалт байдгаас үзвэл гол зангилаа Түүний амилалтад оршдог нь тодорхой юм. 1930-аад оны эхээр Английн нэгэн залуу хуульч Христ итгэлийг няцаах шийдвэртэй оролдлого хийжээ. Тэрээр амилалтыг санаанаас зохиосон уран сэтгэмжит үлгэр гэж үздэг байв. Амилалт нь Христ итгэлийн тулгын чулуу болохыг ойлгоод, тэрээр үүнийг худал хуурмаг зүйл гэж нотлон харуулж дэлхий ертөнцийг мунхралаас гарахад нь тусална гэж шийджээ. Хуульчийн хувьд тэрээр хэргийн учрыг нарийвчлан шүүн тунгааж, өнөөгийн шүүхийн өмнө ч хүлээн зөвшөөрөгдөхүйц хүчтэй баримт нотолгоо гаргах өндөр чадвартай гэдгээ мэдэрч байж. Хэдий тийм боловч Франк Моррисоны судалгааны явцад гайхалтай явдал болжээ. Хэргийн шалгалт түүний санасан шиг хялбар байсангүй. Эцсийн дүнд түүний “Бичихийг хориглосон ном” нэртэй зохиолын эхний бүлгийн “Чулууг хэн хөдөлгөв?” гэсэн сэдэв төрсөн юм. Тэрээр энэхүү бүтээлдээ, нотлох баримтыг шалгах явцад Христ биеэрээ амилсныг тэр өөрөө хүлээн зөвшөөрөхөд хүрсэн гэдгээ бичжээ. Есүсийн үхэлЕсүсийн үхэл бол ард олны зүгээс Түүнд тулгасан цаазын ял байсан. Тухайн үеийн эрх баригчид үүнийг гутаан доромжлол гэж хэлсэн. Харин Есүс үүнийг бидний гэмийн төлөөс юм гэж хэлсэн. Түүнийг хэрцгийгээр тамласны дараа загалмайд гар, хөлийг нь хадаасаар хадан дүүжилж, удаан тарчилгаж үхүүлсэн. Тэгээд үхсэн эсэхийг шалгаж хавирга уруу нь жадалсан. Есүсийн биеийг маалинган даавуунд ороогоод, 100 фунт буюу 45 орчим кг давирхай түрхэж, шарилыг хадан булшинд хийгээд 1.5 - 2 тн жинтэй үхэр чулуугаар булшны амыг тагласан. Есүс ард олонд Өөрийгөө үхлээс амилна гэж хэлж байсан учир Ромын тусгай бэлтгэгдсэн цэргүүдээр булшийг мануулж байв. Хадан булшны аман дээр Ромын албан ёсны өмч хэмээн лацадсан байлаа. Энэ бүхнийг үл харгалзан гурав хоногийн дараа шарил алга болсон байв. Зөвхөн ороосон даавуу нь л үлджээ. Лацтай чулуу агуйн амнаас зайдуу хэвтэж байв. Есүсийн амилалт зүгээр л нэг үлгэр гэж үү?
Цаашилбал, Христийн биеийг хулгайлна гэдэг бол дагалдагчдын хувьд байж боломгүй хэрэг юм. Бид тэдний ямар мөн чанартайг мэднэ. Тэд мөс чанарынхаа эсрэг ийм зүйл хийж зүрхлэхгүй. Хэрэв тэд үүнийг үйлдсэн бол мянга мянган хүнийг төөрөлдүүлж, тэднийг хуурамч зүйлийн төлөө амиа алдахад хүргэсэн хэргийн буруутнууд болох байсан. Нөгөөтэйгүүр, зарим дагалдагчид нь шарилыг хулгайлахаар хуйвалдаж, ажиллагаа нь амжилттай болсон байлаа гэж бодоход тэд бусдадаа энэ талаар заавал хэлэх байсан. Дагалдагч бүр нь Есүс Христэд тавьсан итгэл ба тунхаглалуудынхаа төлөө эрүүдэн шүүгдэж, амиа алдах шалгууртай тулгарч байсан. Хүмүүс үнэн гэж итгээд, худал зүйлийн төлөө амиа алдах нь бий. Гэхдээ дагалдагчид мэдсээр байж худал хуурмагийн төлөө амиа өгөх байсан уу? Хэрвээ дагалдагчид нь шарилыг авсан нь үнэн бол Христ үхсэн хэвээрээ гэсэн үг. Хэрэв тийм бол Есүс амилсныхаа дараа дагалдагч нартайгаа уулзсан гэх үндэс байхгүй. Еврейчүүд эсвэл Ромчууд шарилыг зөөсөн байж болох хоёр дахь таамаг. Гэвч шарилыг зөөх байсан юм бол тэд яах гэж цэргүүдээр мануулсан юм бол? Мөн элч нар Иерусалимд Христийн амилалтыг зүрх зоригтойгоор тунхаглаж байхад тэд яагаад чимээгүй байв? Хуулийн багш нар Есүсийн үхлээс амилсан тухай мэдээг тархаахгүй байхын тулд боломжтой бүх зүйлийг хийж байсан. Тухайлбал элч Петр, Иохан нарыг дуугүй байлгахын тулд баривчлан зодож, сүрдүүлж байв. Гэтэл, тэд Христийн биеийг үнэхээр авсан юм бол үзүүлэн болгож Иерусалимын гудамжаар баярын жагсаал хийхгүй яасан юм бол? Тэд нэг удаагийн ийм эсэргүүцлээр л Христ итгэлийг бага дээр нь дарчихаж дөнгөх байсан. Тэд тэгээгүй учраас шарил тэдэнд байгаагүй гэсэн үг. Өөр нэгэн таамаг нь эмэгтэйчүүд ихэд гашуудсанаас болж ухаан самуурсан байсан ба өглөөний мананд замаа эндүүрч өөр хадан булш уруу очсон. Тэд уй гашуун улмаас самуурсан байсан учир булш хоосон байсныг Христ амилжээ гэж бодсон. Эмэгтэйчүүд булш андуурсан юм гэхэд ахлах тахилч нар болон итгэлийн бусад дайснууд мөн л булшийг андуурсан хэрэг үү? Петр, Иохан нар хүртэл андуурсан байх уу? Булшны эзэн болох Ариматын Иосеф үүнийг шийдэж болох байсан. Мөн энэ нь нийтийн булш биш, хувийн булш байсан гэдгийг санах хэрэгтэй. Андуурчихаар өөр булш ойр хавьд нь ч байгаагүй. Түүнийг ухаан алдсан байсан гэсэн үзэл өнөөг хүртэл байна. Энэ үзлээр бол Христ үхээгүй, харин шарх, цус алдалт, асар их өвдөлтөөс болж ухаан алдсаныг нь үхсэн гэж бодсон. Булшин дотор сэрүүн учир Тэр ухаан орсон. Тэгээд булшнаас гарч дагалдагч нартайгаа уулзсан нь Түүнийг амилсан гэж эндүүрэхэд хүргэсэн гэдэг. Энэ бол орчин цагийн тайлбар. Анх 18-р зууны төгсгөл үеэр энэ үзэл гарч ирсэн. Энэ үеийг хүртэл Христ итгэлийн эсрэг хийгдсэн хүчтэй эсэргүүцлүүдийн дотор иймэрхүү дайралт огт байгаагүй. Учир нь эртний бүх түүхэн баримтууд Есүсийн нас барсныг баталдаг юм. За тэгвэл Христ ухаан алдсан учраас амьдаараа оршуулагдсан байг. Ямар ч хоол хүнс, ус, асаргаа сувилгаагүй гурав хоног чийгтэй булшинд амьд үлдэнэ гэдэгт та итгэх үү? Өөрийг нь ороосон даавууг дотроос нь тайлж, үхэр чулууг булшны амнаас зайлуулж, Ромын цэргүүдийн хажуугаар өнгөрч, хадаасаар нэвт цоологдсон хөлөөрөө олон бээр алхаж чадах байсан уу? Иймэрхүү таамаг нь амилалтын энгийн баримтуудаас илүү зохиомол биш үү? Германы шүүмжлэгч Давид Страус амилалтанд итгэх нь утга учиргүй гэж үздэг хэдий ч ухаан алдсан гэх тайлбарыг няцаасан юм. Тэр хэлэхдээ: Эмчилгээ сувилгаа хэрэгтэй хэвтрийн байдалд орсон, болгоомжтой асрах шаардлагатай, өвчиндөө тарчилж, сүүлчийн зовлонгоо эдлэн үхлүүт байсан Нэгэн үхэл ба булшийг ялан дийлэгч, Амийн Эзэн хэмээгдэн дагалдагч нартаа гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх нь боломжгүй юм. Эцэст нь, хэрэв энэ таамаг зөв бол Христ Өөрөө худал хуурмагийг нуун дарагдуулсан болно. Учир нь Есүсийн дагалдагч нар Түүнийг үхээд, амилсан гэдэгт итгэцгээсэн. Есүс ингэж итгэхийг нь болиулаагүй бөгөөд харин ч зоригжуулсан билээ. Булш хоосон байсныг тайлбарлах цорын ганц хангалттай үндэслэл бол Есүс Христийн үхлээс амилсан явдал юм. Тэр бол мухар сүсэг биш, харин Ертөнцийн Эзэнийг таньж мэдэх боломж
Хэрэв Есүс Христ үхлээс амилсан юм бол Тэр Ертөнцийн Эзэн мөн агаад өнөөдөр ч амьд. Тэр магтуулан, алдаршихаас илүү зүйлийг хүсдэг. Тэр Өөрийгөө таниулж, бидний амьдралд орохыг хүсдэг. Есүс хэлэхдээ: “Харагтун Би үүдэн дээр чинь зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэг нь Миний дууг сонсоод, хаалгаа нээвэл, Би Түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно” гэсэн. (Илчлэлт 3:20) Хожим нь Карл Густав Жанг хэлэхдээ: “Өнөөгийн дэлхийн хямралын үндэс нь хоосрол юм” гэжээ. Бид амьдралын учир утгыг хайсан гүн хүсэлтэй байдаг. Есүс Өөртэй нь харилцаатай байснаар ирдэг утга учиртай, сэтгэл дүүрэн амьдралыг бидэнд өгөхийг хүсдэг. Есүс хэлэхдээ: “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм” (Иохан 10:10) гэж хэлсэн. Учир нь Есүс хүн төрөлхтөний гэмийг үүрч, загалмай дээр үхсэн юм. Тэр одоо ч биднийг уучилж хүлээн аван, жинхэнэ дотно харилцаатай байхыг хүсдэг. Яг одоо та Есүс Христийг өөрийнхөө амьдралд урьж болно. Та Түүнд хандан, “Есүс ээ, миний төлөө, миний гэмийн улмаас загалмай дээр амиа зориулсанд баярлалаа. Намайг уучилж, миний амьдралд яг одоо орж ирээч. Та надтай харилцаа тогтоосонд баярлалаа” гэж хэлж болно. Танд ямар нэгэн асуулт байна уу? Есүсийн талаар илүү мэдэхийг хүсвэл бидэнд и-мэйл бичээрэй. Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)… Паул И. Литл - Know Why You Believe by Паул И. Литл, published by Victor Books, copyright (c) 1988, SP Publications, Inc., Wheaton, IL 60187. Зөвшөөрлөөр ашиглав. Хуудсыг найздаа илгээх
|
|